“Үндэсний Эвсэл”-ийн cонгуулийн сурталчилгааны нээлт хуулийн дагуу өнөөдөр/2024.06.10/ боллоо. Нээлтэд “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон гишүүд, дэмжигчид оролцлоо. Эвслийн зүгээс “1 улс төрч, 1000 мянган мэргэжилтэн” зарчмынхаа хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон 70 нэр дэвшигчийг дэвшүүлж буй юм. Тус үйл ажиллагааны үеэр “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид иргэд, дэмжигчидтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү гэрээн дээр үндэслэж “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн нэр дэвшигчдэд батламж гардуулсан юм.
Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр нээж, үг хэллээ. Тэрбээр “Үндэсний Эвсэл”-ийнхэн элэг нэгт монголчуудынхаа адил намчдаас Монгол төрөө эрх зүйн болон эдийн засгийн зөв аргаар салгаж эрүүлжүүлэх, эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоох улс төрийн хувьсгалыг эхлүүлж байна. Тиймийн тулд бид хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улиг болсон улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсөрч, зориг шулуудан төр нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн санаачилсан, 100 жилийн турш Оросын нөлөөллөөс болж дарагдсан Үндэсний ардчилсан үзлийг дахин сэргээж, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя уриа дор Үндэсний Эвсэлийг үүсгэн байгуулсан билээ.
Үндэсний эвсэл төрөө намчдаас салгаж, улсын төсөв, төрийн алба, хууль эрхзүйн орчноо чөлөөлж, иргэдээ хөл хөсөр гар газар, хувийн хэвшлээ хөрөнгөтэй, орлоготой болгон хөгжүүлэх чин эрмэлзэлтэй” гээд Үндэсний Эвсэлийн нэр дэвшигчдийг дэмжихийг уриаллаа.
ДАНЗАНГИЙН ДОЛЛАРЫГ ГАРДУУЛАВ
“Үндэсний эвсэл” нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрийн онцлог салбаруудыг багцаар нь авч үзэж, уялдаа холбоог нь хангаж чадсанаараа онцлог юм. Эвслийн зүгээс эрдэм мэдлэг, эд хөрөнгөөрөө баян чинээлэг байх нөхцөлийг бүрдүүлж, хүний хөгжлийг төрийн бодлого шийдвэрийнхээ төвд нь байлгахыг гол бодлогоо болгож буй юм. Улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлж эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, иргэдээ эрүүл саруул, боловсролтой, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгох нь эвслийн гол зорилго юм.
Эвслийн сонгуулийн сурталчилгааны нээлт үзэл санааных нь эцэг болсон Солийн Данзангаар “амьсгаллаа”. “Үндэсний Эвсэл” нь Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзлийг эрхэм болгож, Үндэстнээрээ баяжих үзэл санааг сэргээж буй. С.Данзан нь монголчууд бид үндэсний ардчилсан үзэл санаагаар капитализмыг алгасахгүйгээр улс орныхоо хөгжлийг тодорхойлох ёстой гэсэн зарчимтай байсан. Энэ ч зарчмынхаа хүрээнд тэрээр тэртээ 1921 онд шинэ засгийн анхны нэгдсэн мөнгөн дэвсгэрт болох “Данзангийн доллар”-ыг санаачилсан алсын хараа, холч ухаантай сэхээтэн байв. Мөн тэрээр 1921 онд Харли Дэвидсон унадаг, машинтай байсан гэхээр чөлөөт зах зээл, хувийн өмчтэй байх ёстой гэх зарчмаа өөрөөрөө үлгэрлэдэг байсныг илчилнэ. Үйл ажиллагааны төгсгөлд Д.Содном “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярт “Данзангийн доллар”-ыг бэлэглэсэн юм.
Д.Содном: Үйлдвэрлэл хөгжиж байж л улс орон хөгжинө, тусгаар тогтнолоо хамгаална
Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Дулмаагийн Содном “Нямтайширын Номтойбаяр санаачилж, нөхөдтэйгөө хамт “Үндэсний Эвсэл”-ийг байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсныг уншлаа. Нэлээн анхааралтай судаллаа. Би өнгөрсөн онд Монгол Улсын тусгаар тогтнол хөгжлийн төлөө баримталбал зохистой төслийг боловсруулаад засаг төрийн тэргүүнүүдэд өргөн барьсан. Тэр үзэл баримтлалын төсөлд дөрвөн үндсэн зүйл тусгагдсан.
Нэгдүгээрт, ард түмэнд Засгийн эрхийг барих эрхийг нь эдлүүлэх. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж эдийн засгийг хүчирхэгжүүлэх. Гуравдугаарт, нийгэмд сахилга дүрмийг сахих явдлыг эрхэмлэдэг байх. Дөрөвдүгээрт, гадаад харилцаанд хоёр болон гурав дахь хөрш улсуудтай найрсаг харилцаатай байх бодлого баримтлахын цаашдаа тууштай сахих гэсэн дөрвөн асуудлыг тусгасан. Миний олон жил ярьж бичиж байдаг эдгээр санал бодол “Үндэсний Эвсэл”-ийн хөтөлбөрт бүрэн тусгагдаж, нийцсэн байна.
Тухайлбал, ард түмний эрх мэдэлд засаглах эрх байвал Монгол Улсад ардчилал байх учиртайг та бүхэн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Улс төрийн намын засаглал, ард түмний засаглалыг холбох шаардлагатайг мөн мөрийн хөтөлбөрөөс нь харж болж байна. Зарим улс төрчдийн шунал, улсаа хөгжүүлэх биш хөлжих, баяжих хэрэгсэл болгож буйг таслан зогсоохыг зорьжээ. Нийгмийг амар амгалан байлгах, улс орноо сэргээн цогцлоохыг хүсэж байгааг мөн харлаа.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг маш чухлаар хөнджээ. Энэ маш чухал. Үйлдвэрлэл хөгжиж байж л улс орон хөгжинө, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаална. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж үндэстнээрээ баяжихыг та бүхэн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь тун сайн болжээ.
Хэлэхэд амархан хэрэгжүүлэхэд түвэгтэй байдаг. Зарим улс төрийн нам мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлээ биелүүлдэггүй. МАН, АН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан үйлдвэр хөгжүүлэх амлалтаа биелүүлж чадаагүй. Тэр шалтгаанаар ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн амлалтаа ч биелүүлж амжаагүй. Асгатын мөнгөний орд, Цагаан суваргын ордуудыг ашиглалтад оруулна гэсэн ч амлалтаа биелүүлээгүй. Газрын ховор элементүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн амлалтууд тун харамсмаар хэрэгжиж чадсангүй.
Ийм дутагдал гаргахгүй байхыг хүүхэд, залуус минь тун их эрхэмлээрэй.
Хөгжлийн бодлого төлөвлөдөггүйдээ байхыг, авлига, хулгайтай үр дүнтэй тэмцэж, улс төрчид хувийн хэвшлийнхэн хамтарч байх асуудал танай мөрийн хөтөлбөрт сайхан туссан байна. Танай мөрийн хөтөлбөр үнэхээр дэмжмээр, хэрэгжиж чадвал Монголын улсын хөгжил, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч чадна. Би бүрэн дэмжиж байна. Энэ сонгуульд амжилттай оролцож, УИХ-д зохих байр сууриа олж, эх орноо хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулахыг ерөөе.
Одоогоос яг 100 жилийн өмнө Монгол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, үндсэндээ ардчилал, зах зээлийг санаачилж байсан Солийн Данзан гэж хүн байв. Та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье үндэстнээрээ баяжья гэсэн уриатай байсан. Тэрээр Доллар хүртэл хэвлэж байсан юм билээ. Энэ долларыг Н.Номтойбаярт иргэдээ баяжуулах амлалтаа биелүүлээрэй гээд өргөн барья” гэлээ.
Үргэлжлүүлэн “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Сонгуулийн нээлтийн үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Иргэн баян бол улс баян” байхын төлөө иргэд эвсэж, хүчээ нэгтгэж асах, унтрахын зааг дээр байгаа цучил дээр хэт цахиур цохиж, хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Итгэлийг зүтгэлээр хариулна. Тэмцэж чаддаггүй түмэн мөхдөгийг бүү март. Одоо л тэмцэж өөрчлөхгүй бол дэндүү оройтно.
Төрөө хулгайчдаас цэвэрлэж,
Төсвөө иргэдийн хөгжилд зарцуулъя
Төрийн дарамтыг устгаж,
Төрийг хувийн хэвшлийн төлөө болгоё
Төгрөгийн үнэгүйдэлт, үнийн өсөлтийг татан буулгаж,
Төлбөр нэхэгдэх, өргүй, Үндэстнээрээ баяжих ирээдүйг хамтдаа бүтээе.
Түмний шаардлагаар,
Төрийн ёст, тэгш журамт үүргийг хамтдаа СЭРГЭЭЕ.
Би дахин хэлье.
Тэмцэж чаддаггүй түмэн мөхдөгийг бүү март.
Бид туг нь болж тэмцье.
Өөрчлөлтийг хүсэгч сонгогч та салхи нь болж “Үндэсний Эвсэл”-ийг сонго.
Монголын хувь заяа агуу.
Монгол орон мандаг бадраг.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье
Үндэстнээрээ баяжья” гэлээ.
“ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ИЙН СОНГУУЛИЙН ШТАБ
Холбоотой мэдээ