Өмнөд Солонгосын эмч нар эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн бүрэн хэмжээний ажил хаялт зарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, 140 мянга орчим гишүүнтэй Солонгосын анагаах ухааны нийгэмлэгийн гишүүдийн 90.6 хувь нь ажил хаялтыг дэмжиж, 73.5 хувь нь саяхан болсон санал хураалтын дүнг танилцуулах хуралд оролцоно гэжээ. Жагсаалыг зургадугаар сарын 18-нд зарлав. Энэ өдөр эмч нар жагсах бөгөөд жагсаалын тухай тодорхой мэдээлэл гараагүй байна.
Засгийн газраас санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ирэх жилээс эхлэн анагаахын сургуулиудын элсэгчдийн тоог нэмэгдүүлэх болсон. Нийтдээ 1509 квот нэмж баталсан эцсийн шийдвэр өнгөрсөн сард гарчээ. Энэ нь сүүлийн 27 жилийн хугацаанд анх удаа ийм өндөр квот олгосон тохиолдол юм.
Ажил хаялттай холбоотой саяхан болсон санал хураалтад 9645 анагаахын профессор, 24969 хувиараа хөдөлмөр эрхлэгч эмч, 24028 эмч, 5835 бага эмч, цэргийн эмч гэх мэт 6323 хүн оролцжээ.
Эрүүл мэндийн шинэчлэлийг буцааж, өнөөгийн нөхцөл байдалд буруутай хүмүүсийг ажлаас нь халахгүй бол эмч нар засгийн газрын эсрэг тэмцлээ зогсоохгүй гэж Солонгосын анагаах ухааны нийгэмлэгээс мэдэгдэв. Сөүлийн үндэсний их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн профессоруудын яаралтай хороо зургадугаар сарын 17-ноос эхлэн амбулаторийн эмчилгээ, хагалгааг түр зогсооно гэлээ. Харин яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгууд хэвийн ажиллаж, хүнд өвчтэй хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээг үргэлжлүүлэх аж. Мөн ажлын байраа орхисон дадлагажигч эмч нарыг шийтгэх захиргааны арга хэмжээгээ бүрэн татахыг засгийн газарт уриалж байна.
Эх сурвалж: THE KOREA HERALD
Холбоотой мэдээ