Сүүлийн жилүүдэд нийт хүн амын дунд боловсролын түвшин нэмэгдсэн ч хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжраагүй хэвээр байна. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2,1 сая гаруй хүн байгаагийн 1.2 сая нь ажиллах хүч, 877 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1,2 хувь нь магистр, доктор, 27.6 хувь нь дипломын болон баклаврын, 4.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 8.6 хувь нь техникийн болон мэргэжлийн, 42.8 хувь нь бүрэн дунд, 9.1 хувь нь суурь, 5.0 хувь нь бага, 1.4 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна. Түүнчлэн нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.5 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.
2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5.2 хувь байна.
Дипломтой ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь Монгол Улсад залуучуудын дунд албан бус хөдөлмөр зонхилж байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Тухайлбал, ажиллах хүчний судалгааны үр дүнгээс үзэхэд 15-19 насны залуу ажиллагсдын 80 орчим хувь нь, 20-29 насны залуу ажиллагсдын гуравны нэг нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна. Харин олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаанаас үзэхэд залуусын боловсролын түвшин нэмэгдэх тусам албан салбарт буюу илүү баталгаатай, үр дүнтэй хөдөлмөр эрхлэлтрүү шилжих байдал нэмэгдэж байдаг ба дээд боловсрол эзэмшсэн таван залуу тутмын дөрөв нь албан салбарт хөдөлмөр эрхэлж байна.
Холбоотой мэдээ