Налайх дүүргийн зургадугаар хороонд байх хиймэл нууранд нэг иргэн осолдож амь насаа алдсан алдсан харамсалтай хэрэг /2024.06.09/ өдөр 14:00 цагийн орчимд гарчээ. Дуудлага мэдээллийн дагуу тухайн дүүргийн ОБЕГ-ын Аврах бүлгийн алба хаагчид очиход 16 настай эрэгтэй хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Ингэснээр өдрийн 16:00 цагийн орчимд нуурын 2 метрийн гүнээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Энэ мэт дулааны улирал ирэхэд иргэд гол усны дагуу амарч зугаалах нь ихэсдэг. Тиймээс өөрсдийн аюулгүй байдлыг хангаж амарч зугаалах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх , хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай зам гүүрээр гарахыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг сануулж байна.
ТУУЛ, ТЭРЭЛЖ, ХЭРЛЭН ГОЛ ДАГУУ ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ
Өнөөдрөөс/2024.06.10/ эхлэн иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхлэх аж. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх юм.
Он гарснаас хойш Улсын хэмжээнд 18 хүн гол усанд осолдож нас баржээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барсан байна. Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.