Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбаттай ярилцлаа.
-УИХ-ын 2024 оны сонгууль нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн сонгуулийн онцлогийг товчхондоо юу гэж дүгнэж байна?
-Монгол Улс 126 гишүүнийг анх удаа пропорциональ тогтолцоогоор сонгох гэж байна. Пропорциональ тогтолцооны хувьд санал гээгддэггүй сайн талтай ч хүн амынхаа тоонд биш газар нутгийнхаа байршлаар мандатын тоог хуваарилсан нь буруу жишиг тогтоож байна. Тухайлбал, Налайх, Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай байхад, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 5 мандаттай буюу 5 нэр дэвшигч байхаар хуваарилсан. Хүн амынхаа тоонд биш газар нутгийн байрлалаас хамаарч мандатын хэмжээг харилцан адилгүй хуваасан нь МАН-ын эрх баригчид хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийг “Малтайгаа адилхан мал. Ард иргэд бол тэнэг мангар хүмүүс. Тэдний саналыг мөнгөөр худалдан авч болдог” гэж боддог учраас ийм хуваарилалт хийсэн.
-Таны хувьд Ардчилсан намын жагсаалтад нэр нь багтсан. Ардчилсан нам нэр дэвшүүлэх процесстоо хэр ач холбогдол өгч, дотоод ардчиллаа хэрхэн хангасан гэж үзэж байна?
-Дотоод ардчилалтай байсан гэж худлаа яриад яах вэ. Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний захиа даалгавраар, өөрөөр хэлбэл энэ хоёр хүний цаана байгаа Кремль, Кремлийн цаана байгаа Бээжингийн захиа даалгавраар зурсан. Ер нь бол Ардчилсан намаар Монгол Улсад авчирсан ардчилал, эрх чөлөөг нь устгуулах үйл явц үргэлжилж байна. Тийм учраас намын дотоод ардчилал, шударга өрсөлдөөн гэх мэт гоё, чамин тодорхойлолтын талаар ярих нь илүүц байх. Байхгүй ойлголтыг байсан мэт ярьвал утгагүй асуудал болно. Ардчилсан намын жагсаалтын эхний 20 нэрийг аваад үзэхэд “Эрх баригч намын бодлого шийдвэрийг шүүмжилдэг, тэдний хулгай, луйвар дээрмийн талаар ярьдаг” нэг ширхэг ч хүн байхгүй. Тийм хүмүүс нь бүгд хойшоо шидэгдсэн. Хуулийн дагуу цагтаа баригдаж нэрс уншаад 23:55 болж байхад “Тогтоол баталсугай” гээд алх цохьчихсон. Гэтэл “УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно” гэж байсан Х.Баттулга нэр дэвшихээр болсон байсан. Иргэд Х.Баттулгыг хүсээгүй. Иргэд одоо “Монгол, Хятад цусны талаарх яриа, Хятадууд танкаар орж ирнэ” гэдэг үлгэрт итгэхээ больсон. Харин иргэд үнэт зүйл, үзэл санаа сонсохыг хүсч байна. Заримдаа манай намын гишүүдийн итгэл үнэмшил, хүсэл зорилго юу байгаагаас үл хамаарч шийдвэр гарч байна.
-Х.Баттлуга, Л.Гантөмөр хоёр тохироотой байсан гэж ойлгож болох уу. Хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх асуудлын эцсийн цэгийг хатгах эрх мэдэлтэй хүн бол намын дарга гэж ойлгоод байгаа шүү дээ?
-Тамга тавин хувь гэдэг юм. Гэхдээ Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн тамга Х.Баттулгын Баянгол зочид буудал дотор байгаа юм шиг байгаа юм. Тэнд л тамга дарчихаад байна. Нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг 11:50-д уншихад нэр байсан хүний нэр шөнө нь солигдож, хэдхэн мөчийн өмнө байсан нэрс сураггүй сугарч үлдсэн. Энэ бол Л.Гантөмөрт хамаарах асуудал биш.
Л.Гантөмөр бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын өрөөнд байдаг шалны алчуур төдий болсон. Л.Гантөмөрийг намын дарга нэртэй шалны алчуур болгосон. Гэсэн ч би ардчиллыг дэмждэг, Ардчилсан намаа дэмждэг.
-Хоёр удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд дарааллан олонх болж чадаагүй учраас Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд дахин ялагдах эрх байхгүй. Тийм учраас жагсаалтаар болон тойрогт нэр дэвшигчдээ сонгохдоо нухацтай хандсан байх. Уг нь найман жил нэг нам дангаар олонх болсон буюу иргэд өөр сонголт хүсч байгаа энэ боломжийг ашигласан бол?
-МАН-д иргэд дургүй байгаа нь үнэн. Учир нь найман жилийн турш иргэдийн боломжийг хулгайлж дээрэм тонуул хийсэн. Тухайлбал, 2016 онд МАН-ын 60 тэрбум төгрөгийн схем яригдаж байсан бол 60 их наядаар яригдах нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хулгайн талаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын хулгайн хэмжээ нь 1000 дахин өсчихсөн байна. Энгийн иргэд ийм их хэмжээний мөнгө барьж үзээгүй мэдэхгүй. Нэг ёсондоо зургаагийн тооны ард 12 ширхэг 0 бичигдэнэ. Ийм их хулгай дээрмийн үйл ажиллагаанд дургүйцсэн, Ардчилсан намд итгэл найдвар тавьж байгаа хүмүүс байгаа нь үнэн. Ардчилсан нам энэ удаа олонх болж ялалт байгуулах нь улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө, дарангуйллын схемийг таслан зогсоох механизм болно. Гэхдээ Ардчилсан нам дотор МАНАН-г бий болгосон Х.Баттулга, МАН-ын Л.Оюун-Эрдэнийн багийг төрд гаргахгүй байх нь Үнэдэсний аюулгүй байдал, эрх чөлөөтэй холбоотой асуудал. Тийм учраас энэ хоёр хүний багийг энэ удаагийн сонгуульд аль аль талаасаа ялагдаасай гэж хүсч байна. МАН дахин олонх болвол Монгол Улс бодит утгаараа Хойд Солонгос болох нь.
-Өнгөрсөн хугацаанд авлигын болон ардчиллын индексээр ухарсан үзүүлэлттэй гарсан нь үнэн боловч Хойд Солонгос шиг болчихно гэхээр төсөөлөгдөхгүй л байна?
– Өнгөрсөн хугацаанд зөвхөн авлигал, ардчиллын индексээрээ ухарсан юм биш. Монгол Улс нийгмийн бүхий л индексээрээ ухарсан. Хэвлэлийн эрх чөлөө, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бизнесийн эрх чөлөө гээд хэмжих боломжтой бүхнээ хэмжээд үзвэл ухарсан, уруудсан дүр зурагтай байна. Өнгөрсөн жилүүдэд улс орноо яаж цөлмөж, дээрэмдэв. Одоо энэ бүхнийхээ хариуцлагыг хүлээх цаг болсон. Харин тэд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа учраас Ц.Элбэгдорж гэж хадны мангаа гаргаж ирж байна. Ц.Элбэгдорж сүүлийн найман жил засгийн эрх барьж, авлигал үүсгэсэн юм уу. Сүүлийн найман жил МАН эрхээ бүрэн хэрэгжүүлсэн биз дээ. Сүүлдээ хийсэн ажил байхгүй, буруутгах хүн олдохгүй болохоор аргаа барж байна. Тухайлбал, сүүлийн найман жилд Монгол Улсын эдийн засагт үр ашиг өгөх ямар төсөл, хөтөлбөр хэрэгжив. Төмөр замын төслүүдийг аваад үзвэл холбогдоогүй, мухар төмөр замууд л байна. Төмөр замын бүтээн байгуулалт, Хөгжлийн банкны зээлийн асуудал хөндөгдөхөд Х. Баттулга ямар их оролцоотой байж, хулгай хийсэн талаар мэдээлэл хангалттай ил тод болсон. "Эрдэнэт" үйлдвэрт 6.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн шахсан гэдгийг Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар тухайн үед хэлсэн шүү дээ. Үнэхээр авлигатай тэмцсэн юм бол үр дүн нь хаана байна. Авлигачид ахиад УИХ-д гарах гээд явж байна. Энэ бол иргэд, олон нийтээ доромжилж байна.
Эцэст нь хэлэхэд Хойд Солонгос биднээс хол зүйл биш болсон. Аажим аажмаар нэг намын дарангуйлал руу гулсан орж байгаа нь бодит үнэн шүү дээ.
–Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөний асуудлыг хөндөж, халамжийн бодлогоос аль болох татгалзсаар ирсэн. Гэтэл сүүлийн үед малчдын зээлийг тэглэх талаар удаа дараа хөндөх болсон. Сонгууль угтсан халуурал уу, эсвэл…?
-Малчид Хаан банк, Төрийн банктай гэрээ хийж зээл авсан. Тэр гэрээнийхээ зүйл заалтын дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Найдваргүй зээлдэгч болсон бол эрсдэлээ тооцож чадаагүй, найдваргүй хүнд зээл олгосон банк хариуцлага хүлээх ёстой. Яагаад тухайн банкны өмнөөс татвар төлөгч иргэд хариуцлагыг нь үүрч, татвар төлөгчдийн мөнгөөр малчдын зээлийг тэглэх ёстой гэж. Ийм асуудал үүссэн шалтгаан тодорхой л доо. Салхитын мөнгөний ордыг барьцаалж зээл аваад ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Гэтэл үүний цаана 1.4 их наяд төгрөгийг Г.Занданшатар, Х.Баттулга нар нийлж хулгайлсан талаар н.Мөнгөншагай гэж залуу бодит баримттай нь ярьсан байсан.
Мөнгө хэвлээд малчдын зээлийг төлчихлөө гэж бодоход эргээд малчид л хохирно. Инфляцийн хөөрөгдөлд авч иддэг гурлын үнэ нь гурав дахин өснө. Хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр нь өснө. Малчдын зээлийг тэглэх тухай яриа бол Х.Баттулгын санаа.
“Би малчдын зээлийг тэглэж чадна. Надад зээл тэглэж байсан туршлага байгаа” гэх мэтээр санааг нь гаргасан. Тийм юм байдаггүй юм аа. Бүхэл бүтэн намын үзэл санаагаар тоглож болдоггүй юм. Яагаад малчин гэсэн тусдаа статус гаргаж ирж иргэдээ ялгаварлан гадуурхах ёстой юм. Малчны зээлийг тэглэх юм бол ипотекийн зээлээр байр авсан хүмүүсийн зээлийг, цалингийн зээлээр машин авсан хүмүүсийн зээлийг ч ялаагүй төлөх хэрэгтэй. Улс орноо яг ийм халамжийн бодлогоор угжижиж дампууруулсан улсын жишээ бол Венесуэл. Халтар царайт кино гарч байхад тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт боливар нь 1 ам. доллартай тэнцэх нь 3400 байсан. Харин 20 жилийн дараа нэг доллартай тэнцэх мөнгөн дүнгийн хэмжээ нь 3’800’000 боливар болсон. Мөнгө хэвлэж, халамжийн бодлого явуулахаар ийм л хувь заяа биднийг хүлээж байна. Ийм хувь заяа руу Монголчуудыг түлхэж болохгүй.
-Та Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэрийг олон зүйл дээр дурдаж байна. Та хоёрт ямар нэгэн байдлаар хувийн өш хонзонтой зүйл байгаа юм биш биз дээ. Нэг намын нөхөд сонгуулийн өмнө нэгийгээ харлуулах нь хэр зохимжтой юм бол?
-Сонгуулийн өмнө намынхаа нөхөдтэй эв нэгдлээ хангаад явахыг хичээгээд чимээгүй суусан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой нийлж Эрдэнэт үйлдвэрт белаз шахсан. Өөрөөр хэлбэл А.Г.Лукашенкогийн мөнгийг Монголд оруулж ирж угаадаг байсан гэдгийг олон улсын Гаагийн шүүх дээр нотолсон. Тэрбээр, 2019 онд Ерөнхийлөгч байхдаа А.Г.Лукашенког Монголд урьсан. Түүний урилгыг сая хүлээж аваад ирж байна.
Түүний айлчлалынхаа үеэр хэлсэн үгийг бүгд үзсэн харсан. “Монголд дарангуйлал хэрэгтэй. Нэг хүний чанга гар хэрэгтэй. Та нар хэзээ ардчилалтай байсан юм бэ. Ардчилалаа устга” гэж ил тод хэлчихээд явлаа.
Х.Баттулга энэ хүний даалгаврыг биелүүлэх гээд байгаа учраас, хөрш орнуудынхаа жишгээр явбал хорвоогоос орхигдсон ертөнц болох учраас эсэргүүцээд байгаа юм. Түүнээс бидний дунд ямар нэгэн байдлаар хувийн өш хонзонгийн асуудал байхгүй. Тэр ч бүү Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь би зөвлөхөөр нь ажиллаж байсан. Гэтэл 2019 оноос “Монголын ардчилал хана мөргөлөө” гээд ярьж эхэлсэн цагаас нь дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Х.Баттулгыг ерөнхийлөгч болсоноос хойш дургүйцэх болсон шалтгаанууд улам нэмэгдсэн. Тухайлбал, 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа Монгол Улсын эрх ашгийн төлөө юу ч яриагүй. “Сибирт түймэр гарч байна. Та Путин ахтай яриач” гэж хэлж байсан. Энэ Монголын эрх ашиг биш шүү дээ. Яагаад АНУ руу явах визний хөнгөлөлт, худалдаа эдийн засгийн асуудал, импортын татварын асуудлаар ярихгүй байна. Хоёрдугаарт, БНХАУ-ын ерөнхийлөгчид ковидын үед 30 мянган хонь аваачиж өгөхдөө Далай ламыг Түвдэд оруулж ирж мөргүүлэх тухай ярьсан. Энэ ч бас Монголчуудад хамааралтай асуудал биш. Харин экспортын голлох бүтээгдэхүүний хувь хэмжээг хэрхэн тогтвортой, үнэтэй болгох асуудал ярьж болно биз дээ. Энэ мэтчилэн дандаа Монгол Улсын эрх ашгийн эсрэг ярьсаар, дуугарсаар ирсэн. Хоёрдугаарт, сая хөдөө орон нутагт уулзалтаар явж байхдаа Монголчуудыг хооронд нь хагалж, бутаргах асуудал ярьж байна. Ийм сонирхол зөвхөн хоёр хөршид л бий.
Монголчуудыг хоёр хөршийнхөө ялангуяа Кремлийн нөлөөнд байлгах сонирхол Х.Баттулгад бий. Кремль нь Бээжинд дүүжлүүрийн олсонд орчихсон, Х.Баттулга нь Кремлийн дүүжлүүрийн олсонд орчихсон. Монголчуудыг хооронд нь бага ястан, халх, дөрвөд, ойрд гэх мэтчилэн хувааж бутаргах агуулга анхнаасаа хойд хөршийн бодлого байсан.
Ийм учраас Х.Баттулгыг Монгол Улсын хууль тогтоох байгууллага руу ердөө ойртуулж болохгүй.