Эхний өдөр хасагдах дөхсөн Амстердам эцэст нь түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.10-нд нийтлэгдсэн

Эхний өдөр хасагдах дөхсөн Амстердам эцэст нь түрүүлжээ

Эхний өдөр хасагдах дөхсөн Амстердам эцэст нь түрүүлжээ

FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал Улаанбаатар хотноо үргэлжилж, аваргаа тодрууллаа. Дэлхийн шилдгүүд жинхэнэ утгаараа нэгэн дээвэр дор хуран чуулж, Нидерландын Амстердам баг түрүүлж, энэ оны дэлхийн цувралын анхны түрүүгээ хүртэв. Тэд финалд таамаг эвдсэн Швейцарийн Лозанн багийг 20-18 гэсэн харьцаатай хожиж, Сүхбаатарын талбайд цугласан монголчуудыг, фэнүүдээ баярлуулжээ.

Амстердам финал хүртлээ амаргүй замыг туулсан. Тухайлбал, эзэн орны хүчирхэг баг Улаанбаатар ММС Энержиг, дэлхийн тэргүүн баг Сербийн Уб Хуишан НИ, Литвийн шилдэг баг Равдондварис Хоптрансыг тус тус хожжээ. Нөгөө талд Лозанн баг үнэхээр таамаг эвдэж, финалд хүрсэн. Эхлээд АНУ-ын олимпийн шигшээ багийн тамирчдыг багийнхаа цөм болгосон Майамиг, дараа нь Латвиас хүч түрэн гарч ирж буй Кандава Турибаг хожив.

Хэсгийн тоглолтод чимээгүй байсан Амстердамын лидер Уорти де Йонг хасагдах шатанд гангарч, нийт 30 оноо авсан үзүүлэлттэй тэмцээний шилдгээр шалгарчээ. Мөн Арвин Слагтерын алсын зайн шидэлтүүдийг мартаж үл болно.

Де Йонг финалын тоглолтод зургаан оноо, зургаан самбар, нэг оновчтой дамжуулалт, дөрвөн онцлох довтолгоо гүйцэтгэжээ.

Шидэлтийн тэмцээний аваргаар Лозанны Рафаэль Уилсон, тохолтын тэмцээний аваргаар Грабо Грабовски тус тус тодорсон аж.

Улаанбаатарын тэмцээн төсөөлөөгүй үр дүнтэй ихтэй, эхний өдөр бараг л хасагдах дөхсөн Амстердамын түрүүгээр өндөрлөлөө. Тун үзүүштэй, өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрөв. Хэрэв эхний өдөр С хэсэгт учраа таарсан Кандава Туриба болон Улаанбаатар ММС Энержи багуудын тоглолт Монголын багийн ялалтаар өндөрлөсөн бол Амстердам хасагдаж, Кандава, Улаанбаатар хоёр дараагийн шатанд шалгарах байсан юм. Гэвч эцсийн мөчид Кандава хожлын шидэлтээр Улаанбаатарыг хожиж, Амстердамыг аварсан түүхтэй.

Дэлхийн цуврал 12 хоногийн дараа Хятадын Чендуд үргэлжилнэ. Монголын Улаанбаатар ММС Энержи баг оролцоно. Тэдний бүрэлдэхүүнд Стив Серийг орлож, Дугосия эргэн ирж байна. Стивийн тухайд өнгөрсөн тэмцээнээр бэртэл авч, сүүлийн тоглолтод оролцоогүй билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж