Хичээлийн жилийн зуны амралт тавдугаар сарын 31-нээс эхэлсэн. Тухайлбал 1-2 дугаар ангийн сурагчид энэ хичээлийн жилд 34 долоо хоног хичээллээд тавдугаар сарын 31-нд амарсан бол дунд ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт /2024.06.07/ зуны амралт нь эхлээд байна. Тэгвэл ахлах ангийн сурагчдын зуны амралт энэ сарын 15-нд эхэлнэ. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн амралт эхэлсэн энэ үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүүхэд гэмтэж бэртсэн гэх дуудлага мэдээлэл өмнөх саруудаас хоёр дахин их бүртгэгджээ. Тодруулбал, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хоногт 600 гаруй дуудлага мэдээлэл бүргэгддэг байна. Үүний хүүхэд бэртэж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байгааг албаныхан хэлж байна.
Хүүхдийг насанд хүрээгүй ах эгч нараар нь харуулснаас үүдэж хүүхдүүд ахуйн осолд их өртдөг байна.
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед бага насны хүүхэд ахуйн осолд өртөх тохиолдол 15 хувиар нэмэгддэг ажээ. Эцэг эх нь ажилтай тул насанд хүрээгүй ах эгч нар нь дүү нараа харж гэртээ үлдэж байгаагаас үүдэж ахуйн осолд өртөн хүүхдүүд гэмтэж бэртэх асуудал их гардаг байна. Мөн хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглож байгаад унадаг дугуй, скүүтэрээс унаж гар хөлөө хугалах, байрны тоглоом дээрээс унаж толгой тархиа доргиох зэрэг осол гэмтэл ихээр бүргэгдэж байгаа аж. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулахгүй байхыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв эмнэлэг ачаалал их байдаг тул Сүхбаатар дүүргийн 11-р хороолол байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг харьяалал харгалзахгүй 24 цагаар түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ