"Чөлөөт зах зээлийн гольдролоор төр дураараа оролдож болохгүй"

Хуучирсан мэдээ: 2024.06.09-нд нийтлэгдсэн

"Чөлөөт зах зээлийн гольдролоор төр дураараа оролдож болохгүй"

"Чөлөөт зах зээлийн гольдролоор төр дураараа оролдож болохгүй"

Монгол Улсын Гавьяат Эдийн засагч  Даймаагийн Батсайхантай улс орны эдийн засгийн асуудлаар ярилцлаа. 


Та банк, санхүүгийн салбарт олон жил амжилттай ажилласан гавьяат эдийн засагч хүн. Мөн төрийн албыг ч анхан дунд шатнаас нь хашиж явсан мэргэшсэн албан хаагч. Хувь хүнийхээ хувьд ч эдийн засагчийнхаа байр сууринаас ч тэр улс орны тулгамдсан асуудлыг шийдэх ямар гарц, шийдэл санал болгож сууна вэ?

-Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ганцхан салбараас хараат болсон. Тодруулж хэлбэл, уул уурхайн салбараас 78 хувийн хамааралтай. Тиймээс эдийн засгийн сууриудаа өргөжүүлж, олон салбараас хамааралтай тэнцвэртэй эдийн засагтай болох ёстой юм. Эдийн засагт маш их нөөц бий. Өдөртөө 80-90 тэрбумын орлого, жилдээ 36 их наядын орлоготой эдийн засгийг зөв жолоодож чадвал маш их боломж байгаа. Эдийн засгийн төрлөө олшруулахаас гадна баялаг бүтээж байгаа иргэндээ боломж шийдэл гаргаж, ажиллах нөхцлийг хангах нь зөв.

-Сүүлд гаргасан улс төрийн гэхээс илүү сонгууль угтсан шийдвэрүүдээс амьдралд нийцээгүй ямар жишээг олж харав?

-Аливаа шийдвэрийг гаргахдаа суурь судалгааг маш сайн хийх нь чухал. Сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд суурь судалгаа багатай, богино хугацаанд хүмүүсийн талархлыг авах гэж улайрч буй нь сөрөг үр дагавар учруулах вий. Тухайлбал, “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Монголд өмнө нь үүнийг гурван удаа хэрэгжүүлж байсан ч амжилтад хүрээгүй. Монгол Улс үйлдвэрлэгч орон болох нь зөв ч гэлээ малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох боловсруулах шатны үйлдвэрүүд байгуулах нь зөв юм. Түүнчлэн, төрийн албан хаагчдын цалингийн бүсийн нэмэгдэл нь амьдрал мэдэхгүй хүмүүсийн гаргаж буй хамгийн том алдаа. Суманд амьдарч, ажиллаж байгаа төрийн албан хаагч 40, аймагт амьдарч байгаа бол 20 хувийн цалингийн нэмэгдэл авах юм байна. Тэгэхээр нийслэлээс 20 км зайтай суманд амьдарч байгаа албан хаагч 40 хувийн нэмэгдэл авах нь ээ. Гэтэл Улаанбаатар хотоос 2000 км алсад байх аймагт амьдарч байгаа хүн 20 хувийн цалингийн нэмэгдэл авах гэнэ. Энэ өөрчлөлтийг хийхээр л бүгд хөдөө яваад хотын түгжрэл багасна гэж бодож байгаа. Гэвч тийм үр дүн гарахгүй. Харин хотын төвдөө түгжирдэг байсан бол хотоо тойроод түгжирдэг болно гэсэн үг.

Хэрэв амьдрал мэддэг хүн байсан бол энэ шийдвэрийг яаж гаргах байсан бол?

-Үйлдвэр байгуулахын тулд жижиг, жижгээр биш системтэйгээр хөгжүүлье. Хамгийн түрүүнд ТЭЗҮ-г тодорхойлох ёстой болно. Ямар техник, нөхцлөөр яаж үйлдвэрлэх вэ. Хэр хэмжээний төсвөөр, ямар тоног төхөөрөмж ашиглан хэдийг борлуулж, хэдэн төгрөгийн ашиг олох вэ гэсэн тооцоо байх ёстой. Мөн технологийн асуудал маш чухал. Ямар технологи ашиглаж бүтээгдэхүүн гаргах, тэр нь дэлхийн зах зээлд стандарт хангах уу гэдэг нь чухал. Менежментийн баг туйлын чухал байгаа юм. Үйлдвэрийн орц, гарц буюу хаанаас түүхий эдээ аваад, хаашаа борлуулах вэ гэдгээ шийдсэний дараа үйлдвэр байгуулах тухай яригдах ёстой. Цалингийн нэмэгдлийн тухайд орон зайн хувьд шийдээд өгчихье.

Тухайлбал, Улаанбаатараас 1000 км-ийн зайд 40, 1500 бол 50, 2000-д 60 хувь гэх мэтээр аймаг, суманд байхаас үл хамаарсан шийдэл хийчихье. Ингэж чадвал хүмүүс аяндаа орон нутаг руу шилжинэ, нүүнэ. Ийм л амархан.

Хэтэрхий хийсвэр, тооцоогүй шийдвэр олныг гаргаад байгаа учраас парламентын түвшинд амьдрал мэддэг хүмүүс очих шаардлагатай болов уу. Улстөрчид 30 жил албан тасалгааны цонхоор амьдралыг гоё харууллаа шүү дээ. Байгаа олоогүй, амьдрал мэдэхгүй хүний гаргасан шийдвэрүүдийн эцэст хэн бүдэрдэг вэ гэвэл ард түмэн. Хохирогч нь хөдөөгийнхөн. Хэн хөгжлөөрөө хоцордог вэ гэхээр бас л бид. Хувийн хэвшлүүд ч ялгаагүй. Би Завхан аймгийн Хаан банкны захирал байсан цаг үед л дээ. Тэр үед зээлийн бодлогыг Төв банкин дахь удирдлагын баг гаргадаг байсан ч тэрхүү бодлого нь амьдралд нийцдэггүй байлаа. 2000-аад оны эхэнд малчид зээл авахын тулд иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулаад нэг хувь цээж зурагтай авчирна гэж “тэнгэрийн” журам баталж байж билээ. Гэтэл газар дээр буугаад ирэхээр суманд нотариат, канон байхгүй. Тэгэхээр 200 км-ийн цаанаас зээл авахаар ирж байгаа малчин аймаг орж, энэ бүх хэрэгтэй материалаа бүрдүүлнэ гэсэн үг. Энэ бүхний дараа би Улаанбаатар хот руу шилжиж, Төв банкны Зээлийн газрын даргаар томилогдон ажиллахдаа энэ бүхнийг өөрчилсөн түүхтэй. Хаан банк хөгжсөн гарц нь амьдрал мэддэг хүмүүсээ дээд албан тушаалд томилсон явдал.

Мерит зарчмаар явсан. Яг үүнтэй адил Монгол Улс хөгжихгүй байгаа нэг том шалтгаан бол энэ юм.

"ӨДӨРТ 90 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДОГ УЛСЫН ИРГЭД ЯАГААД ЯДУУ БАЙНА ВЭ"

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийн ирээдүйн хөгжил ер нь зөв гольдролдоо орох болов уу?

-Эдийн засагт нөөц байгаа ч боломж болгон ашиглаж буй аргачлал нь буруу. Тийм учраас бид эдийн засгийн зөв менежмент, удирдлагын зөв арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй байна. Тухайлбал, эдийн засаг долоон хувиар өссөн гэж ярих боллоо. Гэтэл энэхүү өсөлтийн 5.5 хувь нь зөвхөн уул уурхай, түүхий эдийн орлого буюу ард түмэнд очдоггүй орлого. Ард түмэнд хамаатай хэсэг нь 1.5 хувиар өсчихсөн. Түүн дотор нь үнийн өсөлт багтчихаад байгаа. Үнийн өсөлтийг нь цэвэршүүлэх юм бол эдийн засаг чинь 8.5 хувиар буурчихсан. Инфляци 10 хувиар  өссөн, одоо долоон хувь руу орчихсон гэж ярьж байгаа ч мөн л шал худлаа тоо. 25 кг шуудай гурил 2008 онд 27 мянган төгрөгийн үнэтэй байсан ч өнөөдөр 85 мянган төгрөг.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд гурилын үнэ  314  хувь буюу жилд дунджаар 39 хувиар өссөн. Амьдрал, практик хоёрын зөрүү ингэж гараад байгаа юм. Эдийн засгийн бодит өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулах хэрэгтэй байна.

Улс орны төсвийн орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа тухай эрх баригчид хэлдэг шүү дээ?

Төсөв нэмэгдэнэ гэдэг нь иргэдийн өр нэмэгдсэн гэсэн үг. Монгол Улсын төсөв 2016 онд есөн их наяд байсан. Тэр үед иргэдийн арилжааны банкин дахь зээлийн өр 5.5 их наяд байлаа. Өнөөдөр 27 их наяд болж гурав дахин өссөн байгаа. Иргэдийн арилжааны банкин дахь зээлийн хэмжээ мөн л 14.5 их наяд болж гурав дахин өссөн. Төсвийн орлого 88 хувь нь татварын орлогоор, 12 нь татварын бус орлого байдаг. Тэрхүү 12 хувийн орлогод хамгийн том нөлөө үзүүлдэг нь торгуулийн орлого. Төсөв нэмэгдэхээр яадаг вэ гэхээр иргэн татвар ахиу төлнө, нэмээд торгууль ихэснэ. Эсрэгээрээ иргэдийн орлого буурна. Орлого буурахаар зардлаа нөхөхийн тулд зээл авдаг.

-Ард иргэдийнхээ халаасыг тэмтрэхгүйгээр илүү бодитойгоор эдийн засгаа хөгжүүлэх, нэмэгдүүлэх өөр гарц гаргалгаа байна уу, бидэнд?

-Байлгүй яахав. Өмнө хэлсэнчлэн, Монгол Улс өдөрт уул уурхайгаасаа 80-90 тэрбум, жилдээ 30-36 их наядыг олж байгаа шүү дээ. Өдөрт 80, 90 тэрбум төгрөг олж байгаа улсын иргэд нь яагаад ядуу амьдраад байна вэ. Эдийн засгийг зөв жолоодож чадахгүй байгаатай шууд холбоотой. Нөгөөтээгүүр, Монгол Улсад яагаад олон хулгай нүүрлээд байна вэ. 22 төрлийн хулгай бий. Зөвхөн нүүрсний 44 их наяд төгрөгийг төлүүлчихвэл ямар үр дүн гарах вэ. Засгийн газрын 31 их наяд төгрөгийн өрийг төлчихөж болно. Цаана нь үлдэж байгаа есөн их наяд төгрөгөөс иргэдийн цалин, тэтгэвэр, малчны зээлийн зургаан их наядыг хаачихаж болж байна. Цаана нь гурван их наяд төгрөг үлдэж байгаа гэсэн үг. Зөвхөн нэг хулгайгаас нь ийм их боломж гарч байхад 22 хулгайгаас ямар боломжууд гарч ирэх вэ. Иргэдийн халаасанд халдахгүйгээр эдийн засгаа авч явах бодит боломж бол хулгайг багасгах, эдийг засгийн эргэлт, сууриа зөв болгох.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталснаар Үндсэн хуулийн гол зүйл заалт болох уул уурхайгаас олсон орлого, баялгийг ард түмэндээ хүртээе гэсэн заалтыг амь орууллаа. Гэхдээ орлогуудаа төвлөрүүлж, хадгалж, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаад эргээд орон сууцжуулах, боловсрол эрүүл мэндэд зарцуулах юм билээ. Эхлэлийг зөв тавьж чадав уу?

Үндэсний Баялгийн сангийн тухай хууль дахиад л хөөс бэлдэж байгаа. Энэ хуулийг анх Ардчилсан нам өргөн барьсан. Ингэхдээ уул уурхайн стратегийн ач холбогдолтой 400 орд газрыг бүгдийг нь төрийн өмчөөс гаргаад нийтийн өмч болгоё гэсэн санал гаргасан.  Ингэхээр гадаад, дотоодын компаниуд орж ирэх боломж бүрдэнэ. Менежент өөрчлөгдсөн учраас үр ашиг сайжирна. Тонн нүүрсийг хил дээр 150-160 ам.доллароор л зарж байгаа. Гэтэл угаагаад гаргахаар 400 ам.доллар. Нүүрсээ угаадаг болчихвол өдөрт 80-90 тэрбум биш бүр 200 тэрбумыг олдог болчихно. Дагаад орлого, мөнгө нэмэгдээд ирнэ. Харин түүгээрээ гурван төрлийн сан байгуулъя. Нэгдүгээрх нь, Төсвийн тогтворжуулалтын сан. Гол зорилго нь экспортын үнээс хамаарч хэлбэлзэж байгаа хэлбэлзлийг тэнцүү байлгах. Үнэ өсөөд ахиу орлого олбол энэ санд мөнгө орно. Үнэ буураад орлого хомсдож байвал мөнгө нөхөгдөнө. Хоёрдугаарт, Ирээдүйн өв сан. Өнөөгийн баялгийг үр хүүхдэдээ үлдээх гарц. Гуравдугаарт, Хүртээмжтэй хөгжлийн сан. Цаашлаад төр өмчийг эзэмшдэг байдлаа болиод иргэндээ алтан хувьцаа эзэмшүүлье гэсэн төсөл байсан ч харамсалтай нь Засгийн газар батлуулахдаа иргэндээ хувьцаа эзэмшүүлэхийг хасаад, гурван төрлийн сан байгуулахыг баталсан ч дараагийн хулгай бий болох үүрийг бэлдэж өглөө.

"НОГДОЛ АШИГ ГЭЖ ДУРТАЙ ҮЕДЭЭ ТАРААЖ БАЙГАА НЬ ИРГЭНД МӨНГӨ БИШ ИНФЛЯЦИ ӨГЧ БАЙНА"

-Баялгийн сангийн менежментийг арай өөр загвараар явуулах юм билээ. Удирдлагын багийг гаднаас урьж, улс төрөөс хараат баг бэлтгэх. Шууд дотоодоос томилохоор Хөгжлийн банкны алдааг давтах вий гэсэн айдас бий байх. Хараат байх системийг ийм байдлаар шийдэх нь зөв үү?

-Ер нь төр оролцох тусмаа л буруу зам руу явдаг. Төр зөв менежмент хийж өгөөд хувийн хэвшил аваад явбал зөв чиг гольдролдоо орно. Хөгжлийн банкийг байгуулахдаа анхлан гаднаас менежментийн баг авчирч байсан. Дараа нь багаа хөөгөөд явуулсны дараа тэнд хулгай гарсан шүү дээ. Баялгийн санг нийтийн өмчийн компани болгох замаар менежментийг нь нийтийн өмчлөлийн хэлбэрээр явуулах буюу нийтийн хүртээл болгох ёстой. Төр өнөөдөр хувийн хэвшилд байгаа баялгийн 34 хувийг авна гэж ярьдаг. Тэгвэл энэ хувиа иргэндээ өгчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний өмч учраас иргэн бүрт очих ёстой. Ингэж өөрчлөлт хийснээр “Газар болон түүний хэвлийд байгаа баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн заалт жинхэнэ утгаараа амилна.

-“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас иргэндээ хувь хүртээж байгаа. Стратегийн ач холбогдол бүхий 400 компанийг нийтийнх болговол эдийн засгийн үр өгөөж нь хувьцаанаас илүү байж чадах уу?

-Ногдол ашиг гэж дуртай үедээ мөнгө тарааж байгаа нь иргэнд орлого биш инфляци өгч байгаа хэрэг. Үнэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг зөв гольдролд нь оруулаад стратегийн ач холбогдолтой 400 компаниа бүгдийг нь нийтийн өмчийн компани болгоод,  34 хувиас нь иргэн бүртээ хувьцаа олгочих юм бол жинхнээсээ өгөөжөө өгнө. “Эрдэнэс Тавантолгой”-гоос өгсөн 1072 бол ганц үнээтэй айл л гэсэн үг. Ганц үнээтэй айл байнга сүүтэй цай уухгүй. 400-гаас өгчихвөл тэр тооны үнээтэй айл болно. Тэр айл хэзээ ч хар цай уухгүй шүү дээ. Энэ бол хамгийн сайн менежментийн хувилбар.

-Хаалга нээх хэцүү байна уу, эсвэл хүсэхгүй байна уу?

-Хаалга нээх хэцүү биш. Хамгийн гол нь хүсэхгүй байна, тэд. Хаалгаа нээчхээд үүдэнд нь тасалбар таслаад байгаа нь хамгийн буруу. Төр хаалгаа нээж өгөөд, нээсэн хаалгаар иргэд орж бизнес хийх эсэх нь өөрийнх нь эрх. Тэдний дотоод асуудалд төр оролцож болохгүй. Тэр тусмаа ногдол ашиг тараана гэдэг бол төрийн олгож буй хишиг огт биш. Эдийн засгийн утгаараа өмч эзэнтэй юм бол, тэндээсээ ашгаа хүртэж байгаа хувилбар. Үүнийг зах зээлийн жам ёсоор хийчих ёстой. Би чамаас нэг машиныг чинь түрээсэлж унаад  нүүрсэнд явуулж мөнгө олоод түрээсээ төлөхөөрөө “Би түрээсийнхээ зардлыг төллөө” гэж хэвлэлийн хурал зарлаж байгаатай адилхан.

-Иргэндээ стратегийн ордуудаас хувьцаа өгчихсөн чинь 1990 оны цэнхэр, ягаан тасалбарын жишээг давтчихвал хэрхэх вэ?

-Ер нь хувьцаа гэдэг ойлголтод манай иргэд жаахан таагүй ханддаг. Яагаад гэхээр үеийн үед хувьцаагаар дамжуулж хуурч ирсэн учраас таагүй ханддаг байх. 1990 оны цэнхэр, ягаан тасалбар бол энд байгаа гражийг хувьчлах гэсэн загвар. Тэр загвар гажуудсан буюу эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байсан хүмүүсийн өмч болоод дууссан. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компаний 1072 хувьцаа байна. Энэ бол ганцхан компаниас иргэндээ хувьцаа өгөөд, менежментийг нь төр хийгээд явсан учраас өнөөдрийн энэ алдаа завхрал гараад байгаа юм. Дахиад хэлье, 400 стратегийн ордоосоо иргэндээ хувьцаа олгоод, эдгээр компаниудаа нийтийн эзэмшлийн болгоод менежментийг нь төрөөс хамааралгүй болгочихвол ард түмэн жинхэнэ утгаараа хувьцаа эзэмшигч болж, ногдол ашгаа хэнээс ч хамааралгүй авах боломж үүснэ.

-Үндэсний орон сууцжуулах хуулийн төсөл өргөн барьчихлаа. Хоёр саяас доош орлоготой иргэнд төр дэмжлэг үзүүлэх нь ээ. Банкны  салбарын хүний бодлоор дүгнэвэл хэр эрүүл эрхзүйн орчин бүрдэх бол. Бас л сонгуулийн амлалт болоод дуусчих болов уу?

-Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь зөв ч гэлээ арга нь маш буруу. Төр орон сууцгүй байгаа хүмүүст боломж нээж өгөх буюу хаалгыг нь нээж өгөх ёстой. Тэрхүү нээлттэй хаалгаар орж асуудлаа зохицуулах нь иргэн, банк хоёрын хоорондын харилцаа. Тэр хоёрын дунд төр оролцоод ирэхээрээ л буруудчихдаг. Банк, иргэн хоёр хамгийн сайн бие, биедээ ашигтай байдлаар хамтрах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой юм. Арилжааны банкууд өөрсдөө тодорхой зардалтай эх үүсвэрүүд татаж байгаа. Тэрхүү эх үүсвэрээр зээл олгох учраас тэндээс давсан хэмжээний хүүг санал болгодог. Тэгэхээр төрийн оролцож байгаа хэлбэр эх үүсвэрийнх нь хүүг багасгах, хугацааг урт болгох өөрчлөлт хийчихвэл банк аяндаа иргэндээ таатай нөхцөлтэй зээл олгох боломжтой. Үүнийг хүчээр хийчихээр боломжгүй зүйл болоод хувирчихаад байна. Өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн дээд тал нь хадгаламжийн хүү гурав, зээлийн хүү ес байгаа. Энэ хоёрын зөрүүгээр арилжааны банк зургаан хувийн орлого дээр үйл ажиллагаа явуулдаг. Манайд хадгаламжийн хүү нь 15 хувь, зээлийн хүү 24 хувьтай. Адилхан зургаан хувийн марж дээр арилжааны банкууд ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах ёстой гэвэл хадгаламжийн хүүг бууруулах тухай асуудал яригдах ёстой юм.

-Хадгаламжийн хүүг бууруулах ямар боломж байдаг бол?

-Хадгаламжийн хүүг бууруулах боломж байгаа. Нийт хадгаламж эзэмшигчдийн 90 хувь нь Монгол Улсын хүн амын нэгхэн хувь. Хүн амынхаа нэгхэн хувьд зориулсан хадгаламжийн өндөр хүү байлгаад байгаа нь 99 хувьд зээлийн өндөр хүү санал болгож байна гэсэн үг. Тэгэхээр төрийн оролцоо, бодлого байх ёстой болно. Зах зээлийн эдийн засгийн онолд төр үнийн дээд, доод хязгаарыг тогтоож болдог. Төр оролцоод хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ганцхан шийдвэр гаргачихаж болно. Хадгаламжийн дээд хүү гурав байна гээд тогтоочихвол зээлийн хүү дагаад есөн хувь руу ороод ирнэ. Дагаад орон сууцны зээлийн хүү ч буурчихна. Ийм л шийдлийг гаргаж өгөх ёстой. Гэтэл төр бага орлоготой иргэдэд бага хүүтэй зээл авах хаалга нээж өгөхөөс илүү хаалганы үүдэнд суучхаад судас барьж буй маарамба шиг аашлаад байгаа. Иргэдийнхээ судсыг барьж үзээд л “Чи хоёр саяас дээш орлоготой бол энд хамрагдахгүй. Аа чи харин хоёр саяас дээш орлоготой юм байна” гэж суугаад байж болохгүй. Чөлөөт зах зээлийн гольдролоор явуулж, хаалгыг нээж өгөхөөс билет таслагч хийж болохгүй.

"АЙМАГТАА ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД МААНЬ УЛСАД САЙН ЖИШЭЭ БОЛЖЭЭ"

-Та Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "соёл бол бүтээлч үйлдвэрлэл юм” гэдгийг харуулсан олон ажлуудыг хийсэн юм билээ. Төр харин саяхнаас бүтээлч үйлдвэрлэл мөн гэж үзээд эдийн засгийн эргэлтэд оруулах санал гаргав. Үүнийг хэрхэн хийвэл зохистой юм бол?

-Завхан аймгийн Засаг даргаар ажиллаад хийсэн, санаачилсан ажлууд маань Монгол Улсын хэмжээний ажил болж өргөжсөнд баяртай байдаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол брэндийг дэлхийд сурталчлах зорилгоор 2017 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг “Улаагчны хар нуур”-ын эрэгт 2017 онд “Нүүдэлчний соёлын наадам” анх удаа зохион байгуулж байсан. Энэ наадмын гол санаа нь нүүдэлчин өв соёлыг аялал жуулчлалын брэнд болгох явдал. Улмаар, тухайн үед гадаад дотоодын 9000 жуулчин жилдээ ирдэг байсан аймагт маань 50 мянгуулаа цуглардаг болж өргөжсөн. Энэ ажил маань Засгийн газрын ажил болж “Нүүдэлчин фестиваль” нэрээр өргөжсөнд баяртай байгаа. Үүний үр дүнд Монгол Улсыг зорих жуулчдын тоо ч нэмэгдсэн. Аялал жуулчлалын салбар өөрөө соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийг дэлхий дахинд зарлаж, тунхаглаад явж байгаа. Хоёрдугаарт, бид ард иргэдээ сонсох аяныг жил бүр хийдэг байлаа. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд хүмүүс гэртээ амардаг бол манай төрийн алба хаагчид айлуудаар явж иргэдийн саналыг сонсдог байлаа. Наймдугаар сард нь багийн төвүүдэд иргэдээ дуудаж уулздаг, аравдугаар сард сумын төвүүдэд уулзалт хийнэ. Эдгээр гурван шатны санал дээр тулгуурлаад дараагийн ажлаа төлөвлөдөг уламжлал жишиг тогтсон. Үүнийг бусад аймгууд хэрэгжүүлснээс гадна Засгийн газар бас хэрэгжүүлж эхэлжээ.

Ерөнхий сайд 2024 оны төсвийг батлахдаа бүх аймгаар явж иргэнээ сонслоо. УИХ-ын дарга индрээс ард иргэдээ сонсдог болъё гэж мэдэгдлээ. Миний эхлүүлсэн энэ ажил мөн л сайн жишиг тогтоож чаджээ гэж бодож сууна.

Сайн багш, сайн эмч гээд “Таван сайн” хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, шилдэг багш нарыгаа арван сая төгрөгөөр урамшуулж байсныг аймгууд бас хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Шилдэг багш, эмч нарыгаа бэлтгэх, ур чадварыг нь сайжруулах ажлыг үе шаттай хийж, Улаанбаатар хотоос шилдэг эмч, багш нарыг урьж дадлага, туршлага хуваалцах, суралцуулах ажлыг ч аймгууд хэрэгжүүлж эхэлснийг харах сайхан байна. Бүр 10 сая нь 50 сая болж нэмэгдсэн байна лээ. Засгийн газар бүр 100 сая өгдөг болжээ. Энэ бол боловсролын системээ хөгжүүлэх, хүнээ үнэлж, дэмжиж буй маш сайн хөтөлбөр. 2018 онд малын эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлж байлаа. Ингэснээр мал аж ахуйн салбартаа тодорхой өөрчлөлт хийж чадсан шүү. Малын гаралтай түүхий эд ялангуяа махаа гадаад зах зээлд гаргая гэхэд хоёр л асуудал үүсдэг. Нэгдүгээрт, малын гарал үүсэл тодорхой юм уу, мал чинь эрүүл юм уу гэдэг. Үүнийг дэлхийн зах зээлд харуулахын тулд бид Мал эмнэлгийн газартайгаа хамтраад Завхан аймагтаа цахим системийг нэвтрүүлсэн. Мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах, мал эмнэлгүүдээ тоног төхөөрөмжөөр хангах, техник технологийн шийдэл гаргах, малчдынхаа малыг бүртгэлжүүлэх, тарилга, туулгалт, малыг эрүүлжүүлж байгаа бүх мэдээллийг цахим системд оруулснаар мэдээллийн баазаа үүсгэсэн. Тэрхүү баазад тулгуурлаад чип буюу ээмэг зүүж өгөх ажлыг хийсэн юм. Энэ ажил мөн л төрийн бодлогын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн.

Засаг дарга болоод л жил бүхэн цэрэг эрсээ эргэдэг байлаа. Аймаг орон нутгаасаа цэрэгт явсан залуусынхаа ахуй амьдралтай нь танилцангаа аав ээжээс нь видеогоор яриа авч очоод үзүүлдэг, ээжийнх нь гарын боорцгийг хийлгээд хүүхдэд нь хүргэж өгдөг байлаа. Энийг бас бүх аймгууд хэрэгжүүлж эхэлсэн байна лээ.

“Миний монгол 2025” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн нь мөн л сайн жишиг болсон. 2017 оноос эхлэн монгол бичгийн сургалтыг бүх сумандаа хийж, Өвөрмонголоос багш нар авчирч сургалт явуулсан. 2016 онд аймгийн Засаг дарга болоод анхны захирамж маань хос бичгээр хаягжуулах тухай байсан шүү. Бүх албан байгууллага босоо монгол бичиг болон кириллээр хаягаа бичдэг болсон. Өнөөдөр бүх албан байгууллага албан бичиг төлөвлөхдөө хосолж явуулдаг болсон байна. Булган аймгаас эхлээд монгол бичгээ нийтэд зааж эхэлсэн гэхээр миний хийж хэрэгжүүлж байсан энэ бүх ажил зөв байсны илэрхийлэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж