“Номин холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан сургууль барих 7000 ам метр газар чөлөөлж өгье гээд усанд хаясан чулуу шиг алга болжээ. Сургууль барих тендер зарлагдан, гүйцэтгэгч компани нь шалгараад хоёр жил болсон ч газар шийдэгдэхгүйгээс өнөөдрийг хүртэл хүлээж буй аж. Иймээс ирэх Даваа гариг буюу зургадугаар сарын 10-н гэхэд “Номин холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан сургууль барих газар шийдэж өгөх эсэхдээ албан ёсны хариу өгөхгүй бол бүх төсөл хөтөлбөрт нь аудит оруулж, барилгын норм дүрэм зөрчсөн тохиолдолд газрын зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэв.
Энэ тухай тэрбээр “Ш.Баярсайхан сургууль барих газар өгнө гэж хэлээд одоог хүртэл алга болсон. Нам нь сонгуульд ялагдчихна, дараагийн даргад авлига өгөөд цаашаа явчихна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Хан-Уул дүүрэгт маш их нягтаршилтай газар “Номин констракшн” маш их газар авсан.
Үе үеийн нийслэлийн Засаг дарга, газрын албаны дарга нарт авлига өгч байж, газар авсан. Намайг гүжирдэж байгаа гэвэл шүүхэд өгч болно.
Даваа гариг гэхэд хариугаа өгөхгүй бол дараагийн арга хэмжээгээ авна. Сонсох ажиллагаа явуулна. Ш.Баярсайхан гэж хүний бүх төсөл хөтөлбөрт аудит оруулъя. Яаж өндөр барилгын зөвшөөрөл авав, тэр нь барлгын норм дүрэм зөрчсөн бол бүгдийг хүчингүй болго. А даалгавар нь яаж гарав, экскиз нь нь яаж батлагдсан юм. Шинэ хуулиар норм тавина. Газрынхаа 40х60 харьцааг барина. Сургууль барих газар өгөхгүй бол хариуг нь барина. Газрын албаныхан төлөвлөлтийг дахин оруулж ирж, сургууль барих газрыг оруулж ир. 40 жил хангалттай ашиг хүртлээ, энэ хот бетонон ширэнгэ боллоо. Би дахин дахин очиж чаргууцалдмааргүй байна” гэж мэдэгдэв.
Улаанбаатар хот цементен ширэнгэ болоход авлига хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. Нийслэлийн хамгийн үнэ цэнэтэй газрыг барилгын компаниуд мөнгөөр зодон авдаг. 20 мянга, 30 мянган хүн орших суух орон сууцны хотхонуудыг барьж байж, нэг ч сургууль, цэцэрлэг барьдаггүй. Сургууль, цэцэрлэг баригдсан тохиолдолд хувийн эзэмшлийнх. Өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгт оршин суугчид хүүхдээ сургах боломж байдаггүй. Төр хөрөнгө гаргаад сургууль, цэцэрлэг баръя гэхэд газар олддоггүй. Хувийн хэвшлүүдтэй ярилцсанаар зарим компани газраа буцаан төрд худалдаж, сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлүүлж авч буй ч энэ нь олон мянган хүн суурьшсан хотхоны оршин суугчдын хэрэгцээг хангах хэмжээний сургууль, цэцэрлэг баригдаж чадахгүй байгаа юм.
Иймээс УИХ-аас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолд барилгын компани нь орон сууц барих бол сургууль, цэцэрлэгтэй байх. 60 хувь нь барилга бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ гэж заасан. Хэрэв дээрх харьцааг барихгүй бол барилга барих зөвшөөрөл олгохгүй байхаар хуульд заасан. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт Засаг дарга нь газар олгохгүй, зөвхөн Нийслэлийн Засаг дарга газар олгох эрхийг зааж өгсөн.
Иймээс “Номин холдинг” –ийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан хэлсэн ярьсандаа байж, сургууль барих газар чөлөөлж өгөхгүй бол Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар төслүүдийг нь цуцалдаггүй юм гэхэд царцааж мэдэхээр байна.
Гэхдээ хувийн хэвшлүүд төрөөс зохих хууль ёсны дагуу газрын зөвшөөрлөө авчихсан байхад нэг дарга нь гарч ирээд “Сургууль барих газар чөлөөлж өгөхгүй байна” гээд хэрэгжүүлэх төслөөр нь барьцаалж, “дээрэм” хийгээд байвал Монголд бүтээн байгуулалтын ажил явахгүй. Мөн авлига авч, газрын зөвшөөрөл олгосон дарга нарт хариуцлага тооцохгүй толгойг нь илсээр байгаа тохиолдолд төр ч цэвэрлэгдэхгүй. Ажлаа үргэлжлүүлэхийн тулд хувийн хэвшлүүд нь байгаа хэдэн төгрөгөө бариад л дарга нараас зөвшөөрөл хүснэ.
Ямартай ч шинэ долоо хоногт эл асуудал нэг талдаа гарах нь.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ