"Айлчлалтай холбоотой шүүмжлэл ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл"

Хуучирсан мэдээ: 2024.06.08-нд нийтлэгдсэн

"Айлчлалтай холбоотой шүүмжлэл ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл"

“News” агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.

АН-ын гишүүн М.Тулгаттай ярилцлаа.


-АН-д ч, Монголын улс төрд ч та шинэ хүн биш. Таныг олон нийт танина, мэднэ. Гэхдээ танихгүй хүмүүст та өөрийгөө юу гэж танилцуулах вэ?  

-Баянзүрхийн унаган хүү. Одоо ч Баянзүрх дүүрэгтээ таван ам бүлээрээ амьдарч байна. Японд боловсрол эзэмшсэн. Бизнес, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа бол парламентын ардчилал, эрх чөлөөний үзэл санаа гэдэг итгэл үнэмшлээр улс төрд оролцдог.

-Та Монголын улс төрд төдийгүй нам дотроо ч үнэт зүйлээрээ ялгардаг. Үүнд мэдээж, гэр бүлийн орчин нөлөөлсөн байх. “Хонх”-ын С.Цогтсайханы дүү яаж бодсон ч коммунист үзэл сурталыг дэмжихгүй нь ойлгомжтой?

-Өвөө, эмээ, өвөг дээдсийнхээ туулсан амьдралыг судлахад нутаг усандаа, нийгэмдээ тодорхой үүрэг, рольтой, бичиг номын хүмүүс байсан байдаг. Өвөө маань Ю.Цэдэнбалын нам засгийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг байсан гэдэг. Тиймээс үр хүүхдүүд нь эрх чөлөөний үзлийг нь “өвлөж” авсан байх. Миний аав Майнбаяр, авга ах “Хонхны” гэгддэг Цогтсайхан ах маань 1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож байсан. Цогоо ахыгаа би цаг үеийн захиалгаар, Монгол оронд бурхнаас илгээсэн хүн байсан гэж боддог. Ийм гэр бүлд төрж, өссөндөө талархаж явдаг даа. Алим модноосоо хол унадаггүй гэж үг бий. Миний цусаар “ардчилсан үзэл санаа” урсдаг шахуу.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2727467/ линкээр орж уншина уу.

"Айлчлалтай холбоотой шүүмжлэл ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл"

Олон улсын судлаач Д.Уламбаяртай Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн төрийн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй.  Айлчлалыг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Олон нийтийн зүгээс УИХ-ын сонгууль дөхсөн энэ цаг үед төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна?

-Монгол Улс ардчилсан улс. Иргэд аливаа асуудлаар өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Төрийн айлчлалтай холбоотой иргэдийн шүүмжлэл бол ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл. Энэ утгаараа гайхах зүйлгүй. Бид өмнө нь Японы ерөнхий сайд Монголд айлчилж байхад жагсаал цуглаан хийж л байсан.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Өрнөдөд Путиныг дарангуйлагч гэж шүүмжилдэг. Хэдий тийм боловч Монгол, ОХУ-ын харилцаа муудаагүй.

Бид ОХУ-ын одоогийн үйл явцыг бүрэн дүүрэн эсэргүүцэж, шатахуун, эрчим хүчээ импортоор авахаа зогсоох шийдвэр гаргаагүй. Ийм боломж ч байхгүй. Хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлээр хөгжиж буй. Хоёр улсын хооронд газар нутгийн ямар нэгэн маргаан байхгүй. Өнөөдөр Хонгконг, Шинжаан Уйгарын асуудалтай холбоотойгоор БНХАУ-ыг Өрнөдөд бас дарангуйлагч гэж шүүмжилдэг. Гэлээ гээд бид өмнөд хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлтэй байдаг. Гадаад харилцааны салбарт нэг чухал зарчим бий.

Энэ зарчим бол гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах явдал.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй, их гүрнүүдийн томоохон асуудалд оролцох шаардлагагүй. Тийм учраас хоёр орны харилцаа хэвийн хөгжиж байгаа бол бид хоёр талын харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлээд л явна. Бид шинэ найзтай боллоо гээд хуучин анд нөхдөө мартаж болохгүй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2727753/ линкээс орж уншина уу.

"Гурван төгрөг тутмын нэг нь зөвхөн уул уурхайн салбараас орж байна"

Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг болон шинэ парламент макро түвшинд юуг анхаарах хэрэгтэй талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Шулуухан асууя, сонгуулийн дараа монголчуудыг ямар эдийн засаг хүлээж байна вэ. Танд төсөөлөл байна уу?

-Засгийн газраас УИХ-д ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн бариад одоо үндсэндээ хэлэлцэн баталж байна. Өргөн барьсан төсвийн төсөөллөөс харахад нэлээд өөдрөг байгаа. Энэ онд зургаа, ирэх онд мөн 6-8 хувь хүртэл өсөх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын түүхий эдийн экспорт маш амжилттай өсч, нэмэгдсэн. Ялангуяа 2023 онд Монголын нийт экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 32 сая тонн нүүрс экспортод гаргасан урьдчилсан мэдээ байна. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдал нь өөрөө өөдрөг төсөөлөл хийх үндэс болж байна л даа.

Гэхдээ болгоомжлох зүйл их бий. Яагаад гэвэл Монгол Улсын эдийн засаг түүхий эд дээр хэтэрхий их тулгуурласан бүтэцтэй. Гадаад худалдааны 56 хувь нь зөвхөн нүүрс. Гурван төрлийн л экспорт Монголын экспортын 80 гаруй хувийг эзэлж байгаа.

Уул уурхайн салбар төсвийн орлогын 35-36 орчим хувийг бүрдүүлдэг боллоо. Өнгөрсөн 2009 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн олборлох салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь ижил шахуу буюу 20 орчим хувь байсан. Харин өнөөдөр хөдөө аж ахуйн салбар шахагдаад 10 орчим хувь болж буурсан. Уул уурхайн салбар 25-26 орчим хувь болж өссөн байна. Тэгэхээр бидний зориод байгаа эдийн засгийг төрөлжүүлэх гэдэг зорилт хангагдахгүй. Эдийн засаг улам явцуу цөөн нэр төрлийн экспорт руу шилжиж байна гэсэн үг. Энэ цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн олборлож байгаа компани, Монгол Улсаас зөвхөн хамаарахгүй. Хэдийгээр бид ирэх онд нүүрсний экспортыг 80 сая тоннд хүргэх зорилт тавьж байгаа. Олборлочихлоо гэж бодъё. Гэтэл тэрийг тээвэрлэх хүчин чадал, хоёрдугаарт, худалдан авч байгаа Хятад улсын зах зээлийн коксжих нүүрсний эрэлт энэ хэмжээндээ байх уу гэдэг том асуудал. Яагаад гэхээр үүнд ирэх онд ямар өөрчлөлт орж байна гэхээр нэгдүгээрт, 2024 онд бид коксжих нүүрсэнд гурван хувийн татвараа төлдөг болж эхэллээ. Хоёр жил өнжөөд Орос, Монгол татвараа төлж эхэлж байна. Дээр нь энэ онд Австралийн нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байна.

Дараагийн асуудал бол Орос улс шинээр Эльгинский нүүрсний уурхай дээр маш том дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгээд ирэх 2025 онд ашиглалтад өгөх гэж байна.

Энэ Эльгинский нүүрсний уурхайн төмөр зам, далайн боомтыг ашиглалтад оруулсны дараа Оросын нүүрсний экспорт 20 гаруй сая тонноор нэмэгдэх бололцоотой. Тэгэхээр энэ нь  бидний өөдрөг төсөөллийг болгоомжлох байдалд хүргэх магадлалтай.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2728045/ линкээр орж уншина уу.

Д.Монголхүү: Намайг айлгаж зогсооно гэвэл уучлаарай

Иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Цахим гавыг нь хэзээ тайлсан бэ. Гэртээ гавтай байсан ч та үгээрээ үйлдлээрээ эрх баригчдын дарангуйллын эсрэг тэмцсээр байсан шүү дээ. Одоо бол гэрээсээ гараад тэмцэхэд бэлэн үү?

-Юуны өмнө хэлэхэд бид хууль зөрчсөн үг хэлж, үйлдэл хийгээгүй. Цэвэр зохиомол хэрэг дээр улс төрийн зорилготой яллагдсан.

Ялын хэд хэдэн хэлбэр байдаг юм билээ. Торгуулийн, тэнсэн харгалзах, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэх мэт. Ганцхан Д.Монголхүү ч биш. Надаас гадна Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүнд амьдарч буй дүүргийн нутаг дэвсгэрээс 12 сарын хугацаанд гарахгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Нэг жилийн хугацаанд Ц.Чинбат, Л.Ганхөлөг нар 48 цагийн хугацаатай хоригдсон бол Э.Одбаяр 30 хоног, би энэ хугацаанд дөрвөн удаа шоронгийн босго давсан байна. Липтон цай шиг л буцалсан усанд дүрж аваад л байсан.

Нэг сарын өмнө бүгдийнх нь ялын хугацаа дуусч, энгийн иргэд болцгоосон. Гэхдээ бүгдээрээ хэлмэгдсэн.

Гэртээ гавтай байхдаа зүгээр суугаагүй ээ. Эрх мэдэлтнүүдийн болж бүтэхгүйг шүүмжилсэн. Сая гэрээсээ гараад тэмцлээ үргэлжлүүллээ.

-Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр Э.Одбаяр нарыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Таны хувьд энэ баривчилгааг хэзээ мэдсэн бэ?

-Миний хувьд Э.Одбаяртай холбогдоогүй удаж байна. Тэр өдөр харааны бэрхшээлтэй Ц.Чинбат ах маань "Би үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм. Намайг хөтлөөд аваад яваач" гэсэн. Тэгээд Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд үгээ хэлж байхад цагдаа нар ирж, хуулийг яаж тайлбарлаж, хэрэглэдэг вэ яг л тэр технологиороо асуудалд хандах гэж оролдсон. Миний зүгээс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд бус цагдаагийн алба хаагчид хууль зөрчиж байна шүү гэдгийг тодорхой хэлсэн.

Тэрийг цагдаа нар сонсдоггүй. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлах гэж оролддог. Уг нь хуулийг тайлбарлах эрх нь Улсын дээд шүүхэд л байдаг. Цагдаа бол хуулийг танилцуулах л үүрэгтэй.

Тэгээд олон нийтийн сүлжээнд цагдаа нар иргэдийн баривчилж байгаа бичлэг цацагдсан байсан. Нөгөө хэд рүүгээ утсаар ярихад "Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэлтэс дээр байна" гэхээр нь яваад очсон. Намайг очиход Э.Одбаяраас бусад нь байцаалтаас гараад ирсэн байсан. Залуусын гарынх нь тохой шалбарч, гар хөл нь хавдчихсан байсан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2728384/ линкээр орж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж