Украины ерөнхийлөгч Зеленский ирэх Мягмар, Лхагва гаригт Берлинд айлчилна. Тэрбээр Украины сэргээн босголтын бага хуралд оролцож, Германы парламентад үг хэлнэ.
Украин дахь дайн эхэлснээс хойш гурван долоо хоногийн дараа буюу 2022 оны гуравдугаар сарын 17-нд Зеленский Германы хууль тогтоогчдод хандан видео холбоосоор үг хэлж байв. Тухайн үед Зеленский "Биднийг дэмжээрэй. Энх тайвныг дэмжээрэй. Украин хүн бүрийг дэмжээрэй. Дайныг зогсооё. Үүнийг зогсооход туслаач!" гэж хэлсэн юм.
Ерөнхийлөгч Зеленский сүүлийн үед гадаад айлчлал ихтэй байна. Тэрбээр өнгөрсөн сард Испани, Бельги, Португал, Шведэд айлчилсан. Зарим айлчлалаас онцолбол, Испанид ерөнхий сайд Педро Санчестэй уулзаж, хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээнд зааснаар Испани улс 2024 онд Украинд 1.1 тэрбум ам.доллар, улмаар 2027 он гэхэд таван тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж олгоно. Бельгид айлчлахдаа Зеленский тус улсын ерөнхий сайд Александр Де Кротой уулзаж, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах, урт хугацааны дэмжлэг үзүүлэх тухай хоёр талын хэлэлцээрт мөн гарын үсэг зурсан. 10 жилийн хугацаатай уг гэрээнд Бельги улстай тагнуул, кибер аюулгүй байдал, худал мэдээлэлтэй тэмцэх, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, Украинд 2028 он гэхэд 30 ширхэг "F-16" онгоц нийлүүлэх цэрэг зүйлс багтжээ.
Харин энэ сар гарсаар Зеленский Сингапур, Филиппин, Катар, Франц гэсэн дөрвөн улсад айлчиллаа. Сингапурт тэрбээр Шангри-Ла хэлэлцээрт оролцсон бол Филиппинд ерөнхийлөгч Бонбон Маркостой, Катарт эмир Тамим бин Хамад Аль Танитай тус тус уулзсан. Хамгийн сүүлд 6, 7-ны өдөр Францын нийслэл Парис болон Нормандид айлчилжээ.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL, WIKIPEDIA