Тяньжин боомтод Монголын ачаа тээврийн саатал үүсэж өнөөдрийн байдлаар 5450 чингэлэг хүлээгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн БНХАУ-ын Тяньжин боомт-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон тооны чингэлгийн түгжрэл үүсээд байна. Үүссэн нөхцөл байдлын талаар бид олон талын эх сурвалжаас тодруулсан ч тоймтой хариу авч чадаагүй билээ.
Тухайлбал, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг холбогдох газрууд “Тяньжин боомттой холбоотой асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцдаг гэх мэдээллийг өгсөн. Уг асуудлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН-аас тодруулсан ч мөн л хариулт авч чадаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар дахин “Улаанбаатар төмөр зам” ХНН-аас тодруулахад:"Тяньжин боомтод чингэлэг гацсан асуудал “Улаанбаатар төмөр зам”ХНН-аас шалтгаалахгүй, манайх хариуцдаггүй. Энэ бол хоёр улсын засгийн газар хэмжээнд хэлэлцэж тохиролцдог зүйл. Өөрөөр хэлбэл Тяньжин бол Хятадын газар нутаг дээр байгаа боомт. Тэндээс Эрээн- Замын-Үүд хүртэлх ачаа тээвэрлэлтийг Хятадын төмөр зам хариуцдаг. Хэрэв Эрээнээр даваад Замын Үүдэд ороод ирвэл, тухайн ачааг бид ямар ч асуудалгүй тээвэрлэнэ. Өнөөдрийн нөхцөл байдалд Тяньжин боомтоор ачаа орж ирэхгүй байна гэдэг асуудал нь БНХАУ-тай хамааралтай асуудал. “Улаанбаатар төмөр зам” ХНН бол жижиг аж ахуйн нэгж. Хоёр улс засгийн газрын түвшинд ярьж тохироод шийддэг асуудал. Манайх ачаа барааг орос хятадаар нь ялгаад суудаггүй. БНХАУ бидэнд ямар ачаа өгнө түүнийг тээвэрлэнэ. Гурван улсын төмөр замын хэлэлцээр гэж бий түүнийхээ дагуу л ажилладаг" гэв.
Харин Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооны өгсөн мэдээллээр "Тяньжин боомтоос Монгол Улс руу орж ирж байгаа чингэлгүүд дор хаяж 80-90 хоног хүлээгдэж байгаа бөгөөд Хятадын талаас шалтгаалсан асуудал байхгүй" гэж урд хөршийн холбогдох албаныхан хэлжээ. Ийнхүү төрийн яамд, агентлагууд асуудлыг бие бие рүүгээ чихэх зуур Монголын ачаа тээврийн гацаа Тяньжин боомтод улам нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд албаны тодорхойгүй, шийдэлгүй байдлын улмаас хохирсоор байна.