ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Зүүн Африкт айлчилж байх хугацаандаа Буркина Фасо дахь Орос цэргийн зааварлагчдын тоог нэмнэ гэж мэдэгджээ. Тэрбээр Уагадугу хотод байхдаа "Оросын зааварлагчид энд ажиллаж байна. Гэхдээ бид зааварлагчдын тоог нэмнэ. Үүний зэрэгцээ, бид Буркина Фасогийн батлан хамгаалах хүчнийг ОХУ-д сургана" гэж хэлсэн байна. Оросын ойрын зорилго бол Буркина Фасод цэргийн техник, хэрэгслийг нийлүүлж, тус улсын батлан хамгаалах хүчнийг сайжруулах явдал юм гэж Лавров онцолжээ. Цэргийн хунта 2022 оны долдугаар сард Буркина Фасод төрийн эргэлт хийсэн.
Орос, Хятад улсууд Африкт нөлөөгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг АНУ-ын албаныхан олон жилийн турш анхааруулсаар ирсэн. АНУ-ын Африк дахь командлалын тэргүүн асан генерал Томас Вальдхаузер "Орос улс Африкийн байгалийн баялагт нэвтрэхийн тулд хөлсний цэргүүд болон зэвсгийн худалдааг ашиглаж байна" гэж 2019 онд мэдэгдэж байжээ. Украин руу довтолсны улмаас дэлхийн ихэнх орноос тусгаарлагдсан Орос улс Африкт шинийг эрэлхийлж байгаа бололтой. Энэ оны гуравдугаар сарын эхээр Африкийн командлал Конгресст анхааруулга өгч, Орос нөлөөгөө Африкт нэмэгдүүлэх гэж хичээж байгааг онцолжээ. Мөн Африкийн зарим улс Оросын нөлөөнд "унахад бэлэн" байгааг анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN