Нийслэл хотод өчигдөр /2024.06.07/ 17:00 цагийн үед орсон аадар борооны улмаас нэг иргэн аянгад цохиулж нас барсан харамсалтай осол гарч Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянгад цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа аж.
6-7 дугаар сард нийт нутгаар гэнэтийн хүчтэй, дуу цахилгаантай аадар бороо их орох төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буй.
Аянга цахилгаанаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Ойр орчимд 5м-ээс дээш зайд мод байвал аянга модон дээр бууна. Гэхдээ модонд хэт ойртох нь аюултай.
-Модны эх бие болон мөчрөөс 4м-ээс дээш зайд хол байх хэрэгтэй, мөн модноос хэт хол байх нь аюултай.
-Ойр орчимд 5м-ээс дээш зайд цахилгааны шон байвал аянга цахилгаан шон дээр бууна. Модтой адил 4м-ээс дээш зайд хол байх хэрэгтэй.
-Гэрийн дотор яндан болон зуух, ханатай ойр байх нь аюултай. Гэрийн дотор зай бага учир янзан, хана зэргээс хол байлаа ч 100 хувь аюулгүй биш. Тиймээс гэрээс гарч 4м хол зайд доош суух эсвэл ойр хавийн барилга байгууламжид хорогдвол аюулгүй.Аянга ниргэхэд, ойр хавьд мод болон барилга байгууламж үгүй, тал газар морь унах нь аюултай.
Аянга нь өндөр зүйлийг онож бууддаг. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо шууд доош бууж суух хэрэгтэй.
-Машин дотор харьцангуй аюулгүй. Машин тэргэн дээр аянга буусан ч гадна хэсгээр дамжин машин дотор орж ирдэггүй. Цонхоо заавал хааж, дээвэр болон цонхноос зайдуу байж аянга дуустал хүлээх хэрэгтэй. Даавуун берзентэн бүрээстэй болон бүхээгтэй ачааны машин тэвшин дээр байх нь аюултайг анхаарна уу.
Аянганы дуу бүдэгхэн сонсогдлоо ч гэсэн өөрийн тань байгаа газар аянга буух аюултай.
-Аянга нь өндөрлөгт оршин байгаа зүйл рүү унах нь элбэг байдаг. -Өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс 4м-ийн дотогш байх зүйл рүү дамжих тохиолдол байна.
–Биедээ металл эд юм зүүсэн үгүйгээс үл хамаарч аянга бууна. Металл ч байсан, модон эдлэл ч байсан хамаагүй. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барих нь аюултай. -Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалаар сууна.
Холбоотой мэдээ