"Үр ашигтай төслүүдийг 400 тэрбум хүртэлх төгрөгөөр санхүүжүүлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

"Үр ашигтай төслүүдийг 400 тэрбум хүртэлх төгрөгөөр санхүүжүүлэх боломжтой"

"Үр ашигтай төслүүдийг 400 тэрбум хүртэлх төгрөгөөр санхүүжүүлэх боломжтой"

ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяртай  ярилцлаа.


-Танай банк орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихээр “Бизнес төв”-үүдийг аймгуудад нээж байна. Банк зөвхөн зээл олгодог байгууллага биш, сургалт зөвлөгөө өгдөг, цогцоор нь дэмжиж ажиллаж болдгийн жишээ болж байгаад иргэд талархаж байна.

-ХААН Банк Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч үйлдвэрлэгч байгууллага, худалдаа, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон болон ЖДБ-үүдэд банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, санхүүгийн болон санхүүгийн бус цогц үйлчилгээ санал болгож, илүү олон боломжийг нээж өгөх зорилгоор 9 аймагт “Бизнес төв” нээснээс хамгийн сүүлийнхийг нь арваад хоногийн өмнө Дорнод, Хэнтий аймагт байгууллаа. Ирэх ондоо багтаан бид 18 аймагт “Бизнес төв”-тэй болохоор зорьж байна.

2023 оны тоо баримтаар ЖДБ, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон зээлийн хэмжээгээр хоёрдугаарт орсон нь ХААН Банк бизнесийг дэмжигч банк гэдгийг харуулж байна. Харилцагч байгууллагуудынхаа бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор сүүлийн жилүүдэд ногоон зээл түлхүү олгож, банкны ногоон зээлийн багцыг бид эрчимтэй өсгөж ажиллалаа. Онцлог төслүүдийг дурдвал, хүнсний томоохон үйлдвэрүүдэд барилга байгууламж, тоног төхөөрөмжөө шинэчлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг бууруулах, саарал усыг дахин ашиглахад зориулан санхүүжилт олгосон. Жишээ нь, бид эрчим хүчний хэмнэлттэй “Төгс ургац” ХХК-ийн 4 улирлын хүлэмжийн төсөл, “АПУ” ХК-ийн бяслагны үйлдвэр, Монгол Улсад тулгарч буй эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл буюу Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй нарны цахилгаан станцын хоёр төслийг мөн санхүүжүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, гурил болон махны үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санхүүжилт олгон, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоотой ажиллаж байна. Банк харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

-ХААН Банкны корпорэйт банкны үйлчилгээ бусдаас юугаараа ялгаатай вэ? Яг ямар үйлчилгээг тусгайлан хүргэдэг вэ?

-ХААН Банкны хувьд нээлттэй хувьцаат компани болсноор өөрийн хөрөнгийн хэмжээ 2 их наяд төгрөг хүрсэн. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 400 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд үр ашигтай, тогтвортой хөгжлийг дэмжсэн, улс орон, нийгэмд хэрэгтэй бизнесийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх чадвартай болсон гэсэн үг. Мөн олон улсын хөгжлийн банкууд, зээлдүүлэгч байгууллагуудаас харьцангуй урт хугацаат санхүүжилтүүд татдаг учраас тухайн төслийн онцлогоос хамааран уян хатан нөхцөл санал болгох боломжтой болсон. Гадны зөвлөх байгууллагуудтай хамтран тухайн төслийн үр ашгийг үнэлэх, эрчим хүчний хэмнэлтийг тооцох, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэх тал дээр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Түүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшийн талаар судалгаа хийн, харилцагч байгууллагуудын ажилтнуудад худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн сургалт семинарыг гадны зөвлөх багш нарыг урьж, тогтмол зохион байгуулж байна. Томоохон ААН байгууллагуудын ажилтнуудын  санхүүгийн хэрэгцээг хангах, таатай бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох, сургалт семинар явуулах зэрэгт бид мөн идэвхтэй анхаарч ажилладаг. 2023 онд бид Оюутолгой компанийн  ажилтнуудыг хуримтлалтай болоход хувь нэмэр оруулах, тогтвортой, урт хугацаанд ажиллах хөшүүрэг болсон “Ажилтны хуримтлалын үйлчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн.

-Өнгөрсөн онд олон улсын болон дотоодын зах зээлд ХААН Банк Ногоон бонд гаргасан. Энэ эх үүсвэрийг юунд зарцуулж байна вэ?

-Өнгөрсөн онд ХААН Банк олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 270 сая гаруй ам долларын санхүүжилт босгосноос тогтвортой санхүүжилтийн хүрээнд нийт 95 сая ам.долларын санхүүжилтийг тусгайлан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд зарцуулахаар зорьж байна. Үүний томоохон хэсгийг олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаагаа гаргасан 60 сая ам долларын ногоон бонд болон дотоодын хөрөнгийн зах зээлээс босгосон 17 тэрбумын ногоон бондын эх үүсвэрүүд бүрдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт бид мөн ЕСБХБ-наас ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын санхүүжилт татахаар гэрээнд гарын үсэг зураад байна. Ер нь сүүлийн жилүүдэд ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэх, санхүүжилтийн цар хүрээгээ тэлэхэд онцгойлон анхаарч ажилласан. Нийт ногоон зээлийн багц маань 2023 оны эцсийн байдлаар 377.5 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй, нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 47%-ийг дангаар бүрдүүлж байна. Уг ногоон зээлийн дийлэнх хувийг корпорэйт болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад олгосон. Нийт ногоон зээлийн багцыг Ногоон таксономи ангиллын дагуу задалж харвал 67% нь эрчим хүчний хэмнэлт үүсгэх зориулалт бүхий зээл, 31%-ийг сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, ногоон тээвэр ангиллын зээлүүд бүрдүүлжээ. Бид 2025 онд нийт зээлийн багцын 10%-ийг ногоон болгох зорилт тавиад ажиллаж байна.

-ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 99 хувь нь цахимаар хийгддэг гэж дуулсан. Байгууллагын банкны харилцагчдаа хэрхэн цахимжуулж байна вэ?

-ХААН Банк цахим банкны үйлчилгээгээр зах зээлд тэргүүлдэг. Нийт гүйлгээний 99 хувь цахимаар хийгдэж байна. Цаашид ч гэсэн технологид хөрөнгө оруулалт хийж, цахим банкны үйлчилгээгээ улам бүр сайжруулахаар ажиллаж байна. Харилцагч байгууллагуудад зориулсан Corporate gateway үйлчилгээ зах зээлд бид нэвтрүүлсэн. Энэ нь харилцагч байгууллага өөрийн дотоодын санхүүгийн програм болон банкны үндсэн систем хооронд API-аар холболт хийж, банкны үйлчилгээг өөрийн програмаар дамжуулан авах боломжтой үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг ашигласнаар гүйлгээ, төлбөр тооцоог хурдан шуурхай хийх, тухай бүр цаг алдалгүй хянах боломж олгодог. Мөн бид байгууллагын интернэт банкийг шинэчилж, олон улсын дижитал банканд тавигддаг техникийн шаардлага, хамгаалалтын систем, хэрэглэгчийн туулах зам, стандарт зэргийг бүрэн хангаж ажилладаг. Энэ жилдээ багтаан харилцагч байгууллагууд маань интернэт банк болон Corporate gateway үйлчилгээгээр дамжуулан олон улсын гүйлгээ, валют арилжаа хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлт, сайжруулалтыг хийж байна.

Гадаад төлбөр тооцоог саадгүй, хурдан шуурхай дамжуулах нь банкны хувьд маш чухал үзүүлэлтийн нэг. Энэ тал дээр танай банк ямар шинэ өөрчлөлт хийж байна вэ?

-Монгол Улсаас SWIFT системээр дамжуулан хийгдсэн нийт гадаад төлбөр тооцооны тоо хэмжээгээр ХААН Банк зах зээлд тэргүүлэгч буюу 30 гаруй хувийг эзэлдэг. Гадаад төлбөр тооцоог саадгүй, хурдан шуурхай дамжуулахад хамгийн чухал үндсэн дэд бүтэц бол олон улсын банкуудын хамтын ажиллагааны сүлжээ байдаг. Олон улсын нэр хүнд бүхий арилжааны 30 гаруй банктай бид хамтын ажиллагаатай, 13 төрлийн валютаар төлбөр тооцоог саадгүй явуулж байна. Энэ сард бид АНУ-ын BNY Mellon банканд ам.долларын Клирингийн данс нээж, хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр болсон таатай мэдээг хүлээн авсан. Тус банканд ам.долларын данс нээснээр бид харилцагчдынхаа ам.долларын төлбөр тооцоог илүү хурдан, найдвартай гүйцэтгэх боломж бүрдэж байна. Өнгөрсөн жил бид Германы ODDO BHF банканд ам.доллар болон еврогийн данс нээж, Европын төдийгүй бусад улс орнуудад төлбөр тооцоо хийх шинэ сувагтай болсон. Хоёр жилийн өмнө БНСУ-ын KEB Hana банктай хамтран тус улсад сурч, ажиллаж, амьдардаг монголчууддаа зориулаад илүү хурдан шуурхай буюу 5 минутын дотор мөнгөө Монгол руу шилжүүлэх сувгийг бий болгосон. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээс хойш БНСУ-аас Монгол руу шилжүүлэх гүйлгээний тоо хэмжээ, үнийн дүн 3 дахин нэмэгдсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж