Газын зурвасын төв хэсэг дэх НҮБ-ын сургуулийн байр Израилийн агаарын цохилтод өртжээ. Уг байгууламжид олон зуун дүрвэгч байрласан байсан бөгөөд тэднээс 27 хүн нас барав. Израилийн арми сургуулийн дээд давхрын ангиуд руу хоёр пуужин харважээ.
Харин Израилийн цэргийнхэн Хамасын байрлаж байсан НҮБ-ын сургуулийн байгууламжид цохилт өгсөн гэж мэдэгдлээ. Гэвч НҮБ-ын байгууламжид Хамасынхан нуугдсан гэх мэдэгдлийг Хамас үгүйсгэв. Дүрвэгчдийн эсрэг үйлдсэн хэрцгий гэмт хэргээ зөвтгөхийн тулд Израиль хуурамч түүх зохиож байна гэж Хамас үзжээ.
Нэгэн шархадсан эмэгтэй "Дайнаас залхлаа. Бид хэдэн 10 удаа дүрвэлээ. Тэд бидний хүүхдүүдийг унтаж байхад нь хөнөөсөн" гэж хэлжээ.
Израилийн арми өмнө нь Бурейж дүрвэгсдийн хуарангийн зүүн хэсэг болон Газын төв хэсэгт орших Дейр аль-Балах хотыг хяналтдаа авсан гэж мэдэгдэж байв. Дейр аль-Балахт Мягмар гаригаас хойш дор хаяж 70 хүн нас барсныг "Хил хязгааргүй эмч нар" байгууллага мэдэгдээд буй. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Дейр аль-Балахын аль-Акса эмнэлэг нь Газын төв хэсэгт үлдсэн цорын ганц эрүүл мэндийн байгууллагуудын нэг юм. Гэвч тус эмнэлгийг сүйрлийн нөхцөл байдалтай байгааг "Хил хязгааргүй эмч нар" байгууллага анхаарууллаа.
Эх сурвалж: BBC