Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд нийслэлд зургаан дэд төвийг байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Үүнд, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд нийт 156 мянган га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байдаг. Энэ хүрээнд дээрх хороонд оршин суудаг айл өрхөөс нийгэм эдийн засгийн судалгаа авч газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулах ажил үргэлжилж буй.
Газар чөлөөлөлтөд 2206 нэгж талбайг хамруулж байгаа бөгөөд 1653 иргэнээс нийгэм эдийн засгийн судалгааг авчээ. Ингэхэд 96.5 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг дэмжсэн байна. Өнгөрсөн хугацаанд тухайн бүсэд харьяалагддаг нийт 1423 айл өрхийн хөрөнгийн үнэлгээ хээрийн судалгаа хэмжилтийг хийсэн бөгөөд 490 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулжээ.
Иргэдийн газрыг яг хэдэн төгрөгөөр үнэлж авч байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга н.Мөнхбаяраас тодрууллаа.
-Газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Ерөнхийдөө газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг 1 м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон. Гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газар чөлөөлтийн тухай журам дэмжигдэн, гуравдугаар сарын 18-наас Сэлбэ дэд төвийн иргэдтэй ажиллах, ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ажил хурдацтай явж байна гэв.
Тодруулбал, дээрх бүсэд амьдардаг иргэн 700 м2 газартай гэж бодоход 1 м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй. Иргэн энэхүү мөнгөө бэлнээр авч болно, аль эсвэл хашааны газраа орон сууцаар сольж болно. Харин орон сууц ашиглалтад орох хүртэл амьдрах байрных нь түрээсийн төлбөрийг нийслэлээс даах гэрээтэйгээр талууд харилцан тохиролцох боломжтой байгаа юм.
Үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулсан 259 иргэний нөхөн олговорт шаардлагатай 44.7 тэрбум төгрөгийг ‘’Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний газар чөлөөлөлт, нөхөх олговор, Улаанбаатар хот’’-ын хөрөнгөөс гаргах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Уг захирамжийн дагуу эхний ээлжид гэрээ байгуулсан 259 иргэний нөхөх олговрын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн дараагийн ээлжийн 228 иргэний 42.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгох захирамжийн төсөл нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хянагдаж байгаа гэнэ. Сэлбэ дэд төвийн айлуудын газрыг чөлөөлснөөр эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.
Холбоотой мэдээ