Монголын ачаа тээврийн саатал Тяньжин боомтод үүссэн талаар өчигдөр /2024.06.05/ мэдээлсэн. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомт-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон тооны чингэлгийн түгжрэл үүсээд олон хонож байна. Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос энэ талаар тодруулахад"Цахим орчинд нийтлэгдсэн Тяньжин боомтод олон тооны чингэлгүүд гацсан тухай мэдээлэл үнэн.
Өнөөдрийн байдлаар 5450 чингэлэг Монгол Улс руу гарахаар хүлээгдэж байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар энэ тоо 6000 хүрсэн. Нөхцөл байдал хүнд болж эхэлж байна.
Зургадугаар сарын эхээр Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд наашаа гараагүй хүлээгдэж байгаа. БНХАУ-ын Тяньжин боомт-Замын-Үүд чиглэлд хэвийн үед 1.5-2 галт тэрэг ачигддаг байсан бол 2024 оны гуравдугаар сарын сүүлээс Монгол Улс руу орж ирэх импортын галт тэрэгний тоо тодорхойгүй шалтгааны улмаас нэг өдөр өнжөөд буюу хоёр хоногт нэг ачигдах үгүйтэй нөхцөл байдалд хүрсэн" гэлээ.
МОНГОЛ РУУ ОРЖ ИРЭХ ЧИНГЭЛГҮҮД 80-90 ХОНОГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ГЭВ
Тяньжин боомтоос Монгол Улс руу орж ирж байгаа чингэлгүүд дор хаяж 80-90 хоног хүлээгдэж байгаа бөгөөд Хятадын талаас шалтгаалсан асуудал байхгүй гэж урд хөршийн холбогдох албаныхан хэлж байга аж. Монголын тээвэр зуучлалын холбоонд бүртгэлтэй 77 гишүүн байгууллага аж ахуйн нэгж байдаг аж. Тус холбооноос салбар яамтай холбогдон уулзалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд эхний ээлжид хурдан татах шаардлагатай хүнсний бараа болон эм эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай татах жагсаалтыг Хятадын талд гаргаж өгсөн. Хэдий Хятадын тал Монголын аж ахуйн нэгжийн хүсэлтийг эхний байдлаар хүлээж авсан ч тодорхой хариулт өгөөгүй байгаа аж.
Монголын ачаа тээвэрт саатал үүссэн асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Бид мэдэхгүй. УБТТ-аас асуу" гэж өөрсдөөсөө зайлуулсан тайлбар өгсөн. Сайд нь сонгуульдах хойгуур Монголын эдийн засагт асуудал үүсч мэдэхээр нөхцөл бий болжээ.
Бодлогоор хангадаг Зам тээврийн хөгжлийн яамнаас асуухад “Тяньжин боомттой холбоотой асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцдаг бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариулт өгөв. Ийнхүү Гадаад харилцааны яам болон Зам тээврийн яамныхан ажлаа хийж байна уу гэсэн асуулт эндээс гарч байна. Ачаа тээврийн саатал үүснэ гэдэг монголчуудын хувьд маш муу мэдээ. Юмны үнэ өснө гэсэн үг.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-аас тодруулах гэсэн боловч тэд ойн баяраа тэмдэглээд тун завгүй байгаа аж. Ямартай ч өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 75 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа. Тиймээс дээрх асуудалд хариу өгөх "завтай" хүн байсангүй.
Ийнхүү төрийн яамд, агентлагууд асуудлыг бие бие рүүгээ чихэх зуур Монголын ачаа тээврийн гацаа Тяньжин боомтод улам нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд албаны тодорхойгүй, шийдэлгүй байдлын улмаас хохирсоор.
“Тоёота сэйлс Монголиа” ХХК-ын мэдээлснээр “Энэ оны гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн БНХАУ-ын Тяньжин боомт зогсонги байдалд орж, чингэлгийн бөөгнөрөл үүссэнээр Япон улсаас Монгол улс руу чиглэсэн “Тоёота” болон “Лексус” брэндийн автомашины тээвэрлэлтийн нөхцөл байдалд хүндрэл учраад байна. Үүний улмаас автомашинуудыг шуурхай тээвэрлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэв”. Гэтэл өнгөрсөн гурван сарын турш МАН ачаа тээврийн саатлаа шийдэлгүй сонгуулиан солиоролд автаж байна.
Дээрх нөхцөл байдлаас харахад Монгол Улсад тээвэр ложистикийн асуудал үндэсний хэмжээнд тулгамдсан гэхэд болно. Өнөөдөр асуудал үүсээд буй Тяньжин болон Эрээний боомт дээр чингэлгүүд гацаж, тээврийн зардал тэнгэрт хадаад буйн гол шалтгааныг “ковид” хэмээн түлхэж байсан. Харин энэ удаад эрх баригчид юу хэлэх сонирхолтой байна. 2021 оны тавдугаар сарын байдлаар Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын ,000 гаруй чингэлэг дунджаар 50-80 хоногийн хугацаатай хүлээгдэж байсан.
Тэгвэл 2024 оны тавдугаар сарын байдлаар 6000 орчим чингэлэг 80-90 хоног хүлээгдэж буй.
Монгол Улс Европ-Азийг холбосон транзит улс болно гэсэн том амбицтай ч үнэндээ импортын бараа бүтээгдэхүүний хамааралтай улс. Үүссэн нөхцөл байдалд хариуцлага хүлээх бүү хэл, хариулт өгөх хүн олдохгүй өнөөдрийн байдалд ачаа бараа нь гацсан иргэд л дэмий хохирч байна. Уг асуудалд холбогдох газруудын нэг нэгэнрүүгээ хариуцлага чихсэн өнөөдрийн дүр зургаас харвал бид тээвэр логистикийн асуудлаа шийднэ гэдэг мөрөөдөл болжээ. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ