Газын төв хэсэгт орших Дейр аль-Балах хот болон Бурейж дүрвэгсдийн хуаранг "үйл ажиллагааны хяналтад авсан" гэж Израиль мэдэгдэв. Тодруулбал, Лхагва гаригийн өглөө агаарын цохилтоор дэмжигдсэн Израилийн цэргүүд шинэ дайралт эхлүүлж, террористууд болон террористуудын дэд бүтцийн эсрэг ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн. Уг дайралтаас болж дүрвэгсдийн хуаранд байх олон арван хүн нас баржээ. Оршин суугчид хүчтэй бөмбөгдөлт, отолтод өртсөн бөгөөд "Хил хязгааргүй эмч нар" байгууллага 70 гаруй хүн нас барсан гэж мэдээлэв. Тэдний дийлэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан ба эмнэлэгт хүргэгдэх үедээ шархаа даалгүй нас баржээ. Шинэ дайралт гарах үеэр АНУ, Египет, Катарын зуучлагчид Доха, Каир хотноо уулзаж, гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах шинэ хэлэлцээрийг хэрхэн эцэслэх талаар хэлэлцэж байв.
АНУ шинэ хэлэлцээрийн талаарх Хамасын албан ёсны хариуг хүлээж байна. Катарын зуучлагчид Хамасын төлөөлөгчдөд хэлэлцээрийн саналыг хүргүүлсэн бөгөөд Израилийн тодорхой байр суурийг хүлээж байна. Хамасын удирдагч Исмаил Хание дайныг зогсоож, Израилийг Газаас бүрэн гаргахад үндэслэсэн саналыг "ноцтой бөгөөд нааштай" шийдвэрлэх болно гэж Мягмар гаригт мэдэгдсэн. Ерөнхий сайд Беньямин Нетаняхугийн хувьд Хамас ялагдаж, Израилийн олзны хүмүүсийг суллах хүртэл дайныг зогсоохгүй гэх байр сууриа хадгалж байна. Батлан хамгаалахын сайд Йоав Галлант "Хамастай хийх бүх хэлэлцээрийг галын дор явуулна" гэж Лхагва гаригт мэдэгдэв.
Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн хилийг нэвтэлж, 251 хүнийг барьцаалан, 1,200 хүнийг хөнөөжээ. Үүний хариуд Израилийн хүчин Газын зурваст дайрснаар 36,580 хүнийг хөнөөсөн.
Бурейж нь Газын зурваст байрлах найман дүрвэгсдийн хуарангийн нэг юм. Тус хуаран 0,5 хавтгай дөрвөлжин км бөгөөд 46,000 хүний орогнох газар юм. Дайнаас өмнө НҮБ-ын харьяа дүрвэгсдийн хуаран гэж тэмдэглэгдсэн. Бурейж хуаран нь Вади Газын голын урсацын яг өмнөд хэсэгт байрладаг ба "Төв Газын зурвасын коридор" буюу Израильтай хиллэдэг газраас зүүнээс баруун тийш, Газар дундын тэнгис хүртэл Газын зурвасыг хоёр хуваадаг Израилийн хүчний хяналтад байдаг газар нутаг юм. Нусейрат болон Магази дүрвэгсдийн хуарангууд Бурейжийн ойролцоо байрладаг бол Дейр аль-Балах хот баруун өмнө зүгт 5 км зайд оршдог. Уг дурдсан дөрвөн хуаран нь дүрвэгсдийн гол орогнох газар юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ