Төмөр зам хөдөлж байна, хачин аа

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Төмөр зам хөдөлж байна, хачин аа

Уг нь төмөр зам зогсч галт тэрэг
хөдөлж баймаар юм. Гэтэл ойрын үед эсрэгээрээ болчихоод байна. Улс
төрийн томилгоо, халаа сэлгээгээр буухиалан довтолгох галт тэрэг
гацчихаад Төмөр замын түр дарга “жинхлэх үү, жийгдэх үү” гэдгээ мэдэхгүй
ч төмөр замаа “хөдөлгөөд” л байгаа аж. Учир нь ойрын өдрүүдэд
“Улаанбаатар төмөр замын тээвэр, зорчигчийн эргэлт 30 гаруй хувиар
нэмэгдсэн, өнгөрсөн сард 1.1 сая тонн ачаа тээвэрлэж дээд амжилт
тогтоолоо” гэхчлэн төмөр замын ажил сайн байна хэмээн дүгнэхүйц мэдээ,
мэдээлэл “чулуудах” нь ихсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тээвэр хариуцсан
орлогч байснаа гэнэт дэвшсэн Д.Жигжиднямаа ажлаа мэдээд сайн хийгээд
байна гэсэн хэл өгөх ашиг сонирхол байна гэж харагдаж байна. Анх
томилогдохдоо л өмнөх дарга В.Отгондэмбэрэлд шадар хүн гэсэн тодотголтой
гарч ирсэн тэрбээр угшлаараа М.Энхболдын фракцид элэгтэй байхыг
үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр “МИАТ-д Ц.Орхон, Төмөр замд Д.Жигжиднямаа
нарын улс төрөөс ангид хүмүүсийг томилсноор хамтарсан Засгийн газар дэд
бүтцийн том байгууллагуудыг  улс төрийн томилгооноос ангид байлгах
алхам хийсэн” гэх сайн нэр горилж буй гэсэн таамаглал ч үнэмшилтэй
сонсдож байгаа юм.

Төмөр замын даргад нэр дэвших магадлалтай дараагийн кандидат нь
Л.Пүрэвбаатар. Ардчилсан намаас Да.Ганболдын орыг залгаж Төмөр замыг
даргалах боломж түүнд бий гэсэн саналыг нөлөө бүхий хүмүүс дэвшүүлэн
зүтгүүлэх тухай яриа гараад буй. Гэвч салбартаа нэр цэвэр байх шалгуурт
бүдэрч мэдэхээр байна. Талийгаач В.В.Магдей даргын үед төмөр замын
хөрөнгөөр туйлж байсан олон баримтад түүний нэр хадаастай байдаг. Тухайн
үед буюу одоогоос таван жилийн өмнө “Үлэмж” ХХК-иас 60.5 мянган
ам.доллараар  “Шевроле Тейхо”, “Эс Ю Эс” ХХК-иас 80 мянган ам.доллараар
хар өнгийн “Лексус” автомашин худалдан авсан гэх баримтад нэр холбогдон
хэвлэлд гарсан нь бий. Түүнд Ардчилсан намын дотор томоохон улстөрчдийн
дэмжлэгийг хүлээх боломж байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулсан
учир томоохон “саалийн үнээ”-нүүдийн удирдлагын суудлыг хувааж хүртэнэ
гэсэн байр суурьтай хүний тоо чамлалттай байна.

Харин сүүлчийн хувилбар нь орос хүн байх магадлалтай. Монгол-Оросын
Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүн болон шинэ төмөр зам
барих уралдаант шалгаруулалтын тухай Монгол Улсын Засгийн газар
хоорондын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Хоёр улсын
Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр улиг болсон төмөр
замын гэрээгээ шинэчилье гэсэн санал гарсан ч яаравчлах хэрэгтэй гэхээс
өөр тодорхой шийдвэрт хүрч чадаагүй. “Оросын төмөр зам” нээлттэй
хувьцаат нийгэмлэгийн дарга В.И. Якунин нэгэн цагт  “Үнэгүй бяслаг
зөвхөн хавханд л байдаг” гэж хэлээгүй юү. Үүнийг батлах мэт 1949 оны
гэрээг шинэчлэхээс өмнө Төмөр замын удирдлагыг гартаа авах сонирхол
оросуудад буй нь гарцаагүй. В.Отгондэмбэрэлийг Д.Жигжиднямаагаар сольсон
Төмөр замын Ерөнхий хорооны хуралдаанаар 250 сая ам.долларын хөрөнгө
оруулалт тээж ирсэн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин гэнэт оролцсон.
Гэхдээ тодорхой зүйл хэлээгүй түүнд гэрээг шинэчлэхээс өмнө төмөр замын
даргаар орос хүн тавих эрмэлзэл нуугдаж буй нь хэнд ч анзаарагдаж
байсан. Тиймээс ч түр дарга томилоод яаран одсоных нь дараа Төмөр замын
даргаар орос хүн томилогдох магадлал өндөр байна гэсэн мэдээлэл түгж
байв. Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдааны дараахан Москва
хотноо Хятад-Оросын эдийн засаг,  худалдааны салбар хуралдаан болсон.
Энэ үеэр хоёр тал Хятад, Оросын эдийн засаг худалдааны харилцаа идэвхтэй
хөгжиж байгааг үнэлж, тогтвортой хөгжих шинэ замдаа орлоо хэмээн санал
нэгтэй дүгнэсэн юм. Мөн хоёр орны хамтын ажиллагааны олон хэлэлцээрт
гарын үсэг зурсан бөгөөд холбогдох хөрөнгийн хэмжээ нь 800 сая
ам.долларт хүрсэн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж
байлаа.

ТӨМӨР ЗАМЫН ДАРГААР ОРОС ХҮН ТОМИЛОХ ЗАЙЛШГҮЙ ШАЛТГААН ТЭДЭНД БИЙ

Хамаатуулж хөндөхгүй байхын аргагүй  бас нэгэн чухал асуудал нь Оросын
хилийн дагуу хэд хэдэн сууринг холбосон автозам барьж байгаа асуудалд
оросууд таагүй хандаж байгаа тухай юм. Наанаа орон нутгийн эдийн засаг,
аялал жуулчлалыг дэмжих гэсэн гоё хаягтай ч цаанаа стратегийн
зорилготой, улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед цэргийн анги нэгтгэл,
зэвсэг техник байршуулах стратеги зорилготой гэх хардлага төрүүлсэн нь
Монголд яахан хамааралгүй байх билээ. Одоогоос зургаан жилийн өмнө
В.Путин, Ху Зиньтао нар байхдаа хилийн зөвшилцлийн баримт бичгийн
нэмэлтэд гарын үсэг зурсан. Уг нэмэлтэд Их Уссурийн арлын нэгээхэн
хэсгийг Хятадын талд өгөх асуудлыг зөвшөөрчээ. Ингэснээр хятадууд Амур
мөрөн дээрх төмөр замын гүүрийг эзлэн авч төмөр зам болон автозамуудыг
хаах боломжтой болно. Улмаар ОХУ-аас Алс дорнодыг тусгаарлаж 
хамгаалалтгүй, дархлаагүй болгоно гэсэн аюултай таамаглалыг саяхан хятад
судлаач Александр Аладин Оросын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа
дэвшүүлжээ. Тэрбээр Хятадын сонирхолд худалдагдсан, тэдний эрх ашгийг
хангахын тулд үйлчилдэг улс төрийн болон эдийн  засгийн элит хүрээлэл
буй болоод байгаа талаар зоригтой мэдээлсэн байна. Манайд ч гэсэн ийм
хүрээлэл байхгүй гэж үү. Стратеги түншлэл нэрийн дорхи аалзны тор мэт
ашиг сонирхлын нэгдэл нэн аюултай. Тухайлбал, “Оросын удирдлагууд Алс
Дорнод дахь стратегийн түнш болох Хятадтай 2018 онд хүртэл хамтран
хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт ОХУ-ын орд газруудыг хамтран
ашиглах олборлох, харин боловсруулах үйлдвэрүүдээ Хятадад барихаар
тусгасан” хэмээн Александр Аладины ярьсан байх юм. Хэрэв энэ үнэн бол
ОХУ Монголын төмөр замын удирдлагыг гартаа оруулахгүйгээ зорилгодоо
хүрэхэд амаргүй дүр зураг харагдаж байна. Нөхцөл байдал ийм байхад 1949
оны хэлэлцээрээс урьтаж төмөр замын даргаар орос хүн, тэр тусмаа
Кремлийн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг хүнийг  томилохын тулд
ямар ч дарамт үзүүлэх, хөрөнгө хаях, эвгүй арга хэрэглэхээс буцахгүй биз
ээ гэсэн түгшүүр зүй ёсоор төрнө. Харин Монголын төр, засаг оросуудын
шийдвэрийг хамтарсан байгууллага гэдэг утгаар чимээгүй хүлээн авах уу,
эсвэл тусгаар тогтносон улсын ёсоор хатуу байр сууриа илэрхийлэх үү
гэдгийг харж суух л үлдэв бололтой.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж