Сурвалжлага: Наадам дөхөж автомашин түрээсийн эрэлт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Наадам дөхөж автомашин түрээсийн эрэлт ихэсчээ

Сурвалжлага: Наадам дөхөж автомашин түрээсийн эрэлт ихэсчээ

Амралт зугаалгын улирал ирж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэв. Ялангуяа УИХ-ын сонгууль болон олон сумдын тэгш ой тохиож байгаа учир сонгуулиар, наадмаар нутагтаа очих хүсэлтэй хүмүүс олон бий. Үүнийгээ дагаад ч удаан уулзаагүй ангийнхандаа, нутгийнхандаа гайгүй харагдах гэсэн, муугаа үзүүлэхгүй юмсан гэх монгол зан автомашин түрээсийн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлжээ.

Нөгөө талаараа "Таван Богд" болон "Мөнххада" зэрэг "Тоёота"-гийн борлуулалтын газрууд дээр монголчуудын хайр зарласан “Ланд-200”, “Ланд-300” зэрэг автомашинууд бэлэн байхгүй аж. Сүүлд гарсан мэдээллээр БНХАУ-ын Тяньжин боомт зогсонги байдалд орж, чингэлгийн бөөгнөрөл үүссэн гэх. Үүний улмаас Япон улсаас Монгол Улс руу чиглэсэн "Тоёота"-гийн автомашины тээвэрлэлтийн нөхцөл байдалд хүндрэл учирч, автомашинуудыг шуурхай тээвэрлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Иймээс жийп, туулах чадвар сайтай том оврын автомашины түрээсийн үйлчилгээ эдгээр өдрүүдэд эрэлттэй байна. Жийп түрээсийг дотор нь жолоочтой болон жолоочгүй гэж ангилж болох бөгөөд үүнээс шалтгаалан мөн тухайн автомашины үйлдвэрлэгдсэн он, маркаас хамааран үнэ нь харилцан адилгүй. Хоёр жилийн өмнө хоногийн 180 мянгаас 450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Тэгвэл энэ жил хоногийн 300 мянган төгрөгөөс эхэлж байна.

Сонгууль, наадмын өдрүүдээр түрээсийн захиалга нь дүүрч бараг л сул жийп байхгүй болжээ.

Зарын дагуу Дөлгөөннуурт байрлах автомашин түрээсийн газрыг зорилоо. Гял цал болсон сүүлийн үеийн туулах чадвар өндөртэй автомашинууд маргаашийн арга хэмжээндээ бэлдэж, угаалгаж байгаа харагдана. Тус газарт жолоочгүйгээр түрээслэх боломжтой автомашин байхгүй бөгөөд түрээслэсэн машин бүрт жолооч дагалдана. Ерөнхийдөө туулах чадвар өндөр автомашинтай жолооч нар нийлж, ийм төрлийн үйлчилгээ санаачилсан нь эрэлт ихтэй байна. Машин түрээсийн үйлчилгээ эрхэлдэг жолооч ярихдаа "Манайд Ланд-200, Ланд-300, Лексус-570, Лексус-600 гэсэн дөрвөн машин л бий. Үнийн хувьд 350 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд бий. Ланд-200 нь 350 мянган төгрөг, Ланд-300 нь 600 мянган төгрөг гээд дээшилнэ" гэв.

Сонирхолтой нь тус газрын зургаа болон долдугаар сарын захиалга дүүрчээ. Жолооч үргэлжлүүлэн "Жолоочтой машин наймдугаар сарын 1-нээс л суларна. Наймдугаар сарын л захиалга одоо авч байна. Манайх олон тэрэг байхгүй ээ. Жолоочтой таван лтэрэгтэй. Наймдугаар сарын эхээр дизель "Ланд-200″ л суларна. Энэ жил сонгуультай гээд сонгуулийн ажилд машинуудаа түрээслэчихсэн л байна" гэлээ.

Машины түрээсийн зар, сурталчилгаа цахим орчинд түгээмэл. Приус-20, 30 гэж эхлээд Альфард, Старекс, Ланд-200, 300 гээд үргэлжилнэ. Зарын дагуу хэд хэдэн газартай холбогдов.

8880…. дугаартай холбогдоход "Ланд-200, 300 өдрийн 400-600 мянган төгрөг гэж байна. Жолооч багтсан үнэ шүү. Манайх зөвхөн жолоочтой явуулдаг. Эртхэн захиалга өгөхгүй бол дүүрчихдэг юм" гэв. Зарим газрууд жийпээ заавал жолоочтой түрээслүүлдэг. Магадгүй энэ нь эд хөрөнгөө хамгаалж буй, ямарваа нэгэн хохирол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж буй үйлдэл биз.

Үүний дараа 8811…. дугаартай газартай холбогдов. Тус газрын зүгээс автомашинаа жолоочгүй түрээслэдэг гэнэ. Гэхдээ зөвхөн Ланд-300 л байгаа аж. Дугаарын эзэн ярихдаа Ланд-300 өдрийн 700 мянган төгрөг. Манайх жолоочгүй явуулдаг. Одоо захиалгаа өгөхгүй бол долдугаар сар бол хамгийн ачаалалтай үе. Урьдчилгаа 50 хувиа өгөөд л захиалга өгнө. Олон хоног түрээслэвэл өдрийн 600-650 мянгаар тохирч болно" гэсэн юм. Туулах чадвар өндөртэй автомашинуудтай харьцуулахад монголчуудын аж амьдралд зохицсон гэх Приус-30 машиныг хоногийн 100 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Ингэхдээ барьцаа 100 мянган төгрөг өгөх хэрэгтэй.

Энэ мэт олон аж ахуй нэгж, хувь хүмүүстэй холбогдсон ч хариулт нь нэг хэвийн. "Одоо эрт захиалвал цөөн хэдэн машин байна" эсвэл "Уучлаарай долдугаар сард захиалга дүүрсэн" гэх хариулттай их таарлаа. Нэгнийхээ "дор" орохгүй гэсэн монгол зангаасаа болсон уу үнэхээр жийп машиныг туулах чадвартай сайтайгаар нь сонгосон уу автомашины түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж