Шувууны нүдээр дэлхийг баримтжуулагч

Хуучирсан мэдээ: 2024.06.06-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Шувууны нүдээр дэлхийг баримтжуулагч

Шувууны нүдээр дэлхийг баримтжуулагч

Дэлхий ертөнцийг 3500 метрийн өндрөөс тольдон, гэрэл зургийн хальснаа буулгагч Донн Делсоныг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Лондон хотоор, Биг Бен цамхагийн дээгүүр, 600 метрийн өндөрт хаалгагүй нисдэг тэрэг хөлөглөн давхих Донн Делсон өдгөө 75 настай. Нисдэг тэрэгнээс хөлөө унжуулан суух тэрбээр “Энэ тийм ч эрсдэлтэй, аюултай ажил биш” гэж тоомжиргүй хэлэх аж. Мөн нислэгийн дундуур тэрбээр ширүүн салхинд гомдоллож, хурдаа хасахыг нисгэгчээс хүснэ.

Хөлөө унжуулаад хаалгагүй нисдэг тэргээр зугаална гэхээр олон хүний дотор муухайрч, толгой нь эргэх байх. Харин Донн Делсоны хувьд энэ нь түүний хүсдэг байршил. “Энэ бол миний зургаа дарах цорын ганц арга. Би аль болох өргөн цар хүрээтэй ажиллахыг хүсдэг. Учир нь тэгж байж тэр өндрөөс авсан мэдрэмжээ бусдад мэдрүүлнэ” гэж Делсон хэлжээ.

Лос Анжелес хотод амьдардаг Делсон 10 гаруй жилийн өмнө агаарын гэрэл зурагчнаар ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр амьдралынхаа 300 гаруй цагийг нисдэг тэргэнд өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд тэр Японы сакура цэцэгс, Египетийн Улаан тэнгис уулын зам гээд олон гайхалтай дүр зургийг дурандаа буулгажээ. Гайхамшигтай дүр зургийг буулгахын төлөө заримдаа 3500 метрийн өндөрт хүртэл гарсан байдаг.

Делсон Япон, Нидерланд, Хавай, Израиль зэрэг олон газраар ниссэн ч түүний хамгийн дуртай хот Лондон юм.

Юу юунаас илүүтэй нь энэ эрсдэлтэй ажлыг хийхийн тулд тэр цаг тутамд 800-2500 ам.доллар төлж, нисдэг тэрэг түрээсэлдэг.

Энэ ажил нь түүний ес дэх карьер аж. Тэр амьдралынхаа ихэнх хугацаанд бизнес эрхлэгч байжээ. Түүний хамгийн сүүлчийн компани нь “BandMerch” байв. Дэлхийн хамгийн том энтертайнмэнт худалдааны бизнесүүдийн нэг болох “BandMerch” нь Рианна, Ауткаст, Билли Жоел нарын алдартай үйлчлүүлэгчидтэй байжээ. Сүүлчийн бизнесээ зарсныхаа дараа тэр шинэ аяллаа эхлүүлсэн.

Шинэ аяллаа эхлүүлсэн түүх нь Шинэ Зеландтай холбоотой. Эхнэртэйгээ Шинэ Зеландад аялж яваад, мөсөн гол үзэхийн тулд нисдэг тэргэнд суужээ. Нисгэгч Делсоны камеруудыг хараад, нисдэг тэрэгний хаалгыг онгойлгоод зураг дарж болно гэж зөвшөөрсөн байна. Эхнэр нь зөвшөөрөөгүй ч гэлээ Делсон “Гайхалтай санаа” гэж хэлээд анхны зургаа дарсан аж.

“Дэлхийг дээрээс нь харна гэдэг ер бусын мэдрэмж. Энд чимээгүй бөгөөд тайван” гэж Делсон өгүүлэв. Нисдэг тэрэг эвдрэх вий гэсэн түгшүүр төрөхгүй бол тэнд бүр л тайван байх юм.

Делсоны гэрэл зургуудын онцлог нь хүний нүдэнд харагддаг өнцгүүдийг өөр сонирхолтой талаас нь харуулахад оршино. Тухайлбал, ачааны чингэлэг ирийтэл өрсөн талбайг дээрээс нь харахад яг л даралтат хөгжмийн зэмсэг мэт, Улаан тэнгис уулын сүрлэг хавцлууд нь он удаан жил ургасан хөгшин моддын мөчир шиг харагддаг аж.

Гэхдээ дээшээ гарлаа л бол гайхамшигтай зураг дарчихна гэсэн ойлголт байхгүй. Японд л гэхэд тэрбээр долоо хоногийн турш агаарт 20-25 цагийг зарцуулжээ. Харин Израильд нийтдээ 36 цаг ниссэн байна. Ингэж олон цагаар ниссэн ч ганц ч зураггүй буух үе байдаг ажээ. “Энэ бол эрсдэл. Би дээшээ гарахдаа ганзага дүүрэн буцах эсэхээ мэдэхгүй гардаг. Хэдийгээр гар хоосон буцсан ч шинэ гэрэл зургаас илүү туршлага хуримтлуулах нь үнэ цэнтэй гэдэгт би итгэдэг” гэж Делсон ярьжээ.

Өндөрт ажиллаж байгаад буухад Лондон хүртэл түүнд жижиг санагддаг. Хэдхэн цагийн өмнө л Лондон хот есөн сая хүн амтай, сүрдмээр өргөн уудам хот байв. Гэтэл нисдэг тэрэгний аяллын дараа Лондон хот жижигхэн эрдэнийн чулуу адил санагдана. 10 настайдаа тэр “Лондонгийн нүд” алсыг харагчийг хотын хамгийн оргил цэг гэж боддог байжээ. Гэвч өдгөө түүнд “Лондонгийн нүд” жижигхэн хүрдтэй дугуй шиг санагддаг гэв. “One Canada Square” гэх 50 давхар шилэн барилга хүртэл өндрөөс лего тоглоом шиг л харагддаг аж.

Бизнес эрхлэгчийн карьераа орхиж, өндрийн гэрэл зурагт дурласнаасаа хойш Донн Делсон бараг нэг сая фунт стерлингийн үнэ бүхий урлагийн бүтээл заржээ.

Тэр “Fujifilm GFX100” болон “Nikon D850” камер ашигладаг. “Би энэ хоёр камертаа хайртай. Хүмүүст хамгийн сайхан зүйлийг мэдрүүлж, яг надтай хамт нисдэг тэргэнд суусан мэт мэдрэмжийг төрүүлэх нь чухал. Би зургуудаа том хэмжээгээр авдаг. Хамгийн жижигдээ 81 см х 122 см хэмжээг сонгодог. 102 мегапиксел нь маш өндөр нарийвчлалтай зураг дарж, илүү томоор түүнийгээ хэвлэх боломжийг олгодог” гэж тэр хэлэв.

Мэдээж өндрийн зураг авалтад цаг агаарын гэнэтийн нөхцөл байдал, өнцөг, нар, салхи, нисдэг тэрэгний сэнсний чичиргээ гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр бэрхшээлээс шалтгаалаад дроноор зураг авах арга байдаг ч Донн Денсон нисдэг тэргийг сонгожээ. Дроны хувьд нислэгийн өндрийн хязгаарлалт байдаг нь дутагдалтай тал юм.

Мөн түүний нэг онцлог нь зурагнууддаа засвар бараг хийлгүй түүхийгээр нь хэвлэн, нийтэлдэг. Тэр харсан зүйлээ аль болох өөрийнхөө нүдээр харсан тэр чигээр нь буулгахыг хүсдэг ажээ.

Эх сурвалж: CNN, SKY NEWS, ARTS IS LIFE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж