Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэрийн төлөөллөөс өнөөдөр /2024.06.05/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Д.Алтангэрэл:
-Бэрхийн уурхай “Монголросцветмет” нэгдлийн харьяанд байж байгаад 1999 онд Засгийн газрын талд бүрэн шилжсэн байдаг. Улмаар Төрийн өмчийн үйлдвэрийн газар 1999 онд байгуулагдсан. Гэвч 2004 онд менежментийн хувьчлалаар хувьчлагдаж, 2007 онд "Бэрх уул" ХК болсон.Энэ хугацаанд эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн асуудлыг шийдэж өгнө гэж Монгол Улсын Засгийн газраас гурван удаа Ажлын хэсэг байгуулсан. Гэвч асуудлыг шийдээгүй. Арга буюу бид шүүхэд хандсан. Захиргааны хэргийн гурван шатын шүүхээр явснаар 2022 оны аравдугаар сард хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газар хариуцах ёстойг даалгасан шийдвэр танилцуулсан. Гэтэл энэ үүргээ Засгийн газар огт биелүүлсэнгүй.
Бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдож байна. Энэ хүн Бэрхийн уурхайчдын ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж санал авсан ч хэлсэндээ огт хүрсэнгүй.
Шүүхийн шийдвэрийн дагуу хоёр удаа ажлын хэсэг байгуулагдахад хуурамч бүрэлдэхүүнээр ирц бүрдүүлж, сайдын тушаалд байхгүй хүнийг оруулсан.
Бидний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч нэг өдөр байнгын хороо ч, чуулган ч хуралдахгүй болсон. Өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй энэ асуудалд бид нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөлөөлсөн гэж үзэж байгаа. Сүүлдээ миний Төрийн ордонд орох эрхийг хязгаарласан. Миний эрхийг хязгаарлахаар нэр бүхий 112 иргэний эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг. Бид энэ тухай гомдлоо зохих газруудад хэлж, УИХ-д ч хандаж байсан. Гэвч УИХ-д ерөнхий хяналтын нээлттэй сонсгол явуулахыг аль ч нь хүссэнгүй. УИХ-ын чуулганы хаалтаа хийгээд бидний асуудал мухардалд орж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний 112 иргэний асуудлыг залхааж байгаад зориудаар зохиомлоор хуурамч ажлын хэсэг бүрдүүлэх, ажлын хэсэг хуралдуулахгүй байх бүх нөхцлийг бүрдүүлж байна. Ийм учраас энэ асуудлыг орхихгүй. Шинээр байгуулагдах УИХ-д хандана. УИХ ын ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй явуулахаа Бэрхийнхэндээ дамжуулж хэлье.
Шүүхээс Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэр нь гарчихсан тул бидний хувьд шүүхэд ч хандах боломжгүй байгаа. Иргэд маань шүүхэд хандвал бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд, улсын тэмдэгтийн хураамжаа хүртэл цуглуулсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдаас болж бид шүүхэд ч хандах эрхгүй явж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Л.Оюун-Эрдэнэ сайд нөлөөлсөн гэж бид үздэг. Шүүгчид шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэлтээ танилцуулсан. Тийм учраас шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна гэлээ.
Г.ХОРОЛ