Боловсрол шинжлэх ухааны яам /БШУЯ/-наас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хүрээнд өнөөдөр /2024.06.05/ цахим хурал зохион байгууллаа. Хурлын үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд ирэх хичээлийн жилд шинэчлэл хийхээ мэдэгдсэн юм.
Тодруулбал, сургуулиудад хоол зүйчдийг бэлтгэж байгаа бөгөөд мөн түрээсийн гал тогоотой байсан 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгох ажлыг ирэх хичээлийн жил гэхэд дуусгахаар болсон талаар мэдээллээ. Учир нь нэг хүүхдэд улсаас төсөвлөсөн 1500 төгрөгийн хоолны зардлын 500 төгрөг нь хоолны газрын түрээсийн зардалд очдог байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайвнаас тодрууллаа:
-Ирэх хичээлийн жилээс сургууль бүр өөрийн гал тогоотой болно гэж ойлгож уу?
-Болно. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 107 сургууль түрээсийн гал тогоотой байна. Үүнээс Улаанбаатар хотод 64 сургууль бусад нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 107 сургуулийн түрээсийн гэрээг дуусгавар болгож 2024 оны есдүгээр сарын 1-ээс бүх сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан зохион байгуулна.
-Ерөнхий боловсролын сургуулиудад хэчнээн хоол зүйч ажилладаг вэ?
Одоогийн байдлаар олон улсын төслийн хүрээнд нийт 35 хүнс суурьтай мэргэжилтэй хүмүүсийг хоол зүйчээр бэлтгэж байна. Улсын хэмжээнд нийт 223 сургуульд хоол зүйч ажилладаг гэв.
Холбоотой мэдээ