Европын хөлбөмбөгийн лигүүд өндөрлөж, аваргууд тодорлоо. Германы Бундеслигт шинэ аварга төрснийг эс тооцвол бусад топ лигүүдэд таамгийн дагуу түрүүлэх магадлал өндөртэй байсан багууд нь түрүүлэв. Гэхдээ зарим лигт хэний ч төсөөлөөгүй багууд хүлээлтээс дээгүүр амжилт үзүүлсэн бол зарим топ багууд фанатуудаа гонсойлгосон. Ингээд та бүхэндээ 2023-2024 оны улирлын амжилт, бүтэлгүйтлүүдийг хүргэе.
Ялагч: Жуд Беллинхем
-Англи авьяастан Жуд Беллинхемийг Реал Мадрид дахь эхний улирлаа ингэж өндөр амжилттай өнгөрүүлнэ гэж бодсон хүн олон биш байх. Эль Класскиод Барселонагийн эсрэг хожлын гоол оруулж, Ла лигийн шилдэг тамирчнаар тодроод зогсохгүй УЕФА Аваргуудын лигт түрүүлэв. Түүн шиг Мадрид дахь эхний улиралдаа ийм амжилт үзүүлсэн од байдаг болов уу? Одоо бүр Баллон д’Орын шагналд нэр нь яригдаж байна.
Бүтэлгүйтэл: Харри Кэйн
-Үнэндээ өнөө цагт Харри Кэйн шиг довтлогч ховордсон. Хаа ч очсон үндсэн ажлаа хийж, гоолыг бороо мэт оруулдаг түүнд ялагч гэдэг үг л дутуу байна. Тоттенхэмд цомгүй байхаас залхсан тэрбээр Бундеслигт түрүүлж, цомын цангаагаа тайлахаар Байерн Мюнхентэй нэгдсэн ч хүссэн цомоо хүртэж чадсангүй. Эсрэгээрээ Байерн Мюнхен 2012 оноос хойш анх удаагаа цомгүй улирлыг үдэв. Кэйний хараал хэзээ тайлагдах вэ?
Ялагч: Хаби Алонсо
-Пеп Гвардиола Хаби Алонсог сайн дасгалжуулагч болно гэдгийг мэдэж байсан гэдэг. Гэхдээ дасгалжуулагчийн замналынхаа эхэн үед ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлж байсан болов уу? Хэдийгээр Алонсо Байер Леверкузентэй хамт гурван цом хүртэж чадаагүй ч Бундеслиг болон цомын тэмцээндээ хожигдолгүй түрүүлсэн гэх сүрдэм үзүүлэлттэй. Ерөнхийдөө өнгөрсөн улирал Германд Алонсогийн хөвгүүдийг хожчих чадалтай баг байсангүй. Хэрэв Европа лигт түрүүлсэн бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай улирлуудын нэг байх байсан биз.
Бүтэлгүйтэл: Наполи
-Жилийн өмнө Италийн аварга болж, баяраа тэмдэглэж байсан Наполи өнгөрсөн улирал мартмаар тааруу тоглож, аваргаа хамгийн муу хамгаалсан баг болов. Шалтгаан нь юу байсан бэ? Багийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентис дасгалжуулагч Лучано Спаллеттиг ятгаж чадахгүй явуулсан нь алдаа байсан. Удалгүй спортын захирал Кристиано Жантоли ч багаас явж, Наполигийн хэрэгжиж байсан гайхалтай төсөл нурав.
Де Лаурентис нэг улиралд гурван дасгалжуулагч сольсон ч баг нь аврагдаж чадсангүй. Наполи хүснэгтийн аравдугаар байраар улирлаа өндөрлүүлсэн. Сүүлд гарсан мэдээллээр Антонио Конте Наполиг цэгцэнд нь оруулахаар ирж байгаа сурагтай. Гэхдээ нэг тааруу мэдээ байгаа нь багийн довтлогч Виктор Осимхен энэ зун буурь сэлгэх магадлалтай байна.
Ялагч: Фил Фоден
-Хүн бүр л Фил Фоденг онцгой авьяастай гэдгийг мэднэ. Гэхдээ тэрбээр Манчестер Ситигийн гарааны гол тоглогч байсангүй. Өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн финалд хүртэл сэлгээнээс тоглолтод оролцож байв. Тэгвэл энэ улирал Пеп Гвардиолагийн гол хөзөр байж, өөрөө ч Премьер лигийн улирлын шилдэг тоглогчоор нэрлэгджээ.
Ирэх Еврогоор Саутгейт түүнд итгэл хүлээлгэж, амжилтад хүрч чадвал Фоден Баллон д’Орын гол өрсөлдөгч байх учиртай.
Бүтэлгүйтэл: Барселона
-Цагтаа Европ, дэлхийг байлдан дагуулж, учраа баг бүрээ "үзэхгүй" бут ниргэж байсан алдарт Барселона клуб сүүлийн жилүүдэд танигдахааргүй болжээ. Үнэт зүйл, бахархал, нэр төр гэхээсээ илүүтэйгээр ашиг харж, мөнгө олохын төлөө яваа байгууллага шиг харагдах болов. Хайртай багаа аврахаар ирсэн ч халагдсан Хави хүртэл энэ асуудлыг ярьж байлаа. Багийн ерөнхийлөгч Хоан Лапортаг багийнхаа ирээдүйг барьцаанд тавичихлаа ч гэж олон хүн ярьж байгаа.
Ялагч: Юрген Клопп
-Юрген Клоппын сүүлийн бүжиг гял цал биш ч дэндүү энгийн, дэндүү биширмээр байлаа. Хэдий лигийн өрсөлдөөнөөс эцсийн мөчид хасагдаж, Европа лигт бүдэрсэн ч Карабао цомоор Ливерпуль дэх аяллаа өндөрлүүлэв. Дасгалжуулагч Юрген Клоппыг дан ганц Мерсисайд гэлтгүй хөлбөмбөгийн ертөнц даяар санах болно.
Бүтэлгүйтэл: Челси
-Хоёр жил хагасын хугацаанд 1.2 тэрбум ам.долларыг солилцоо наймаанд зарцуулж, дасгалжуулагчдаа халж сольсоор Челси клуб өнгөрсөн улирал чүү ай Конференц лигийн эрх авлаа. Европын тэмцээний эрх авсан ч Почеттино халагдав. Тодд Боэли болон түүний хамтрагчид бизнес яаж хийдгийг мэддэг ч хөлбөмбөгт хэрхэн амжилт гаргах талаар А ч үсэггүй гэдэг нь сүүлийн хэдэн жил харагдаж байна.
Ялагч: Аталанта
Энэ улиралд Жиан Пьеро Гасперинигийн Аталантагаас илүү цом хүртэх гавьяатай дасгалжуулагч, клуб байгаагүй. Бергамо хотын баг сүүлийн найман жилийн хугацаанд хүүхдийн академиасаа эхлээд удирдах зөвлөл хүртлээ өөрчлөлт, шинэчлэлт хийсний үр дүн энэ жил ирлээ.
Бүтэлгүйтэл: Премьер лиг
-Английн Премьер лиг дэлхийн шилдэг лиг яг мөн үү? Дэлхийн шилдэг гэдэг ч Европын тэмцээнүүдэд англи багууд гавьтай амжилт үзүүлсэнгүй. Ливерпуль, Арсенал, Манчестер Юнайтед, Манчестер Сити УЕФА Аваргуудын лигт бүтэлгүйтэж, Астон Вилла л Конференц лигийн хагас шигшээд шалгарав.
Үүнээс гадна Премьер лигийг өрсөлдөөнтэй гэдэг ч сүүлийн жилүүдэд Манчестер Сити л босоо түрүүлж байна. Эндээс харахад Премьер лигийн дотоод өрсөлдөөнд нэг баг илт давуу хүчирхэгжиж, тивийн тэмцээндээ амжилт үзүүлэх нь багасчээ.