АНУ-ын Конгрессын танхимд орох завшаан хүссэн бүхэнд олдохгүй. Тэгвэл Теннесси мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Жон Рөүсийн зургаан настай хүү Гая Рөүс энэ завшааныг сайтар ашиглаад авав. Тэрбээр Даваа гаригт аавыгаа Конгресст үг хэлэх үеэр танхимд хамт ирсэн байжээ.
Бүгд найрамдах намын төлөөлөгч Жон Рөүс ерөнхийлөгч асан Дональд Трампийг гэм буруутайд тооцсон шийдвэрийн талаар ярих үед хүү нь камерын өөдөөс хэлээ гаргаж, хөгжилтэй царай гаргасан байна. Конгрессын хуралдааныг дамжуулдаг "C-SPAN" суваг хүүгийн хөгжилтэй царайг шууд дамжуулснаар зургаан настан цахим ертөнцөд од болов.
Жон Рөүсийн хувьд хүүгийнхээ дэггүйтлийг анзааралгүйгээр үргэлжлүүлэн үгээ хэлжээ. Дараа нь тэрбээр цахим хаягтаа бяцхан тайлбар хийхдээ "Дүүдээ зориулаад камер луу инээмсэглээрэй гэж хэлсэн чинь ийм л юм боллоо" гэжээ.
Аав хүү хоёр Конгрессын танхимаас гарч, Бүгд найрамдах намын хурлын танхимд орох үед олон нийт бяцхан комедианыг алга ташин хүлээж авчээ.
Хүүгийн бичлэгийг үзсэн хүмүүс өхөөрдөж, янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна. Виржиниагийн Ардчилсан намын төлөөлөгч Дон Бейерийн төлөөлөгч Аарон Фричнер хүүгийн бичлэгийг хуваалцаад "Цахим захидлын хариуг удаасан бол уучлаарай. Энэ бичлэгийг ахин дахин үзээд салж чадсангүй" гэж хошигножээ. Хүүгээс сэтгүүлч "Зурагтаар гарсаар байгаад залхаж байна уу?" гэж асуухад "Үгүй" гэж хариулсан байна. Аав хүү хоёр Конгрессын хуралдааны дараа хэд хэдэн ярилцлага өгсөн бөгөөд Гая Рөүс өнөөх хөгжилтэй царайгаа шантралгүй гаргасаар байжээ.
Эх сурвалж: CBS NEWS