Төв талбайд, Төрийн ордонд ч "төгсөлтийн баяр" тохиож байна

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

Төв талбайд, Төрийн ордонд ч "төгсөлтийн баяр" тохиож байна

Төв талбайд, Төрийн ордонд ч "төгсөлтийн баяр" тохиож байна

Төв талбай дээрээ ч, Төрийн ордондоо ч төгсөлтийн баяр "тэмдэглэж" байна.  Учир нь, энэ парламент сүүлчийн чуулганы хуралдаанаа хийж буй юм. Дараагийн парламент 76-уулаа биш 126-уулаа хуралддаг болно.


НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТОНУУЛЧ, АВЛИГЫН ХЭРЭГТНҮҮДТЭЙ, МАН-ЫН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХООС БҮРДСЭН ПАРЛАМЕНТ

-Монгол Улсын парламентын түүхэнд сүүлчийн 76 болж үлдэнэ. Гэхдээ тооны хувьд асуудалтай парламент.  УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа 75-уулаа тангараг өргөж байсан. Ж.Эрдэнэбат шоронгоос ялалт байгуулж, парламентын гишүүн болж байв. Хэсэг хугацааны дараа бүрэн бүтэн болсон ч нэлээд нь бүрэн эрхээсээ түдгэлзэх дээрээтулж байлаа.  Парламентын  түүхэнд хамгийн их хулгай, луйвар, авлига, албан тушаалын хэрэг, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон зэрэг дуулиан хэргийн эзэд нь УИХ-д сууж байна.  Тэд ангийнхаа гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдон, яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалсан. Түүний араас АТГ-аас  нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татсантай холбогдуулж, УЕП-оос гаргасан хүсэлтийн дагуу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар Төрийн ордноос төрхөмдөө буцсан. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ангийнхан нь хүлээн аваагүй.  Харин Т.Аюурсайханы хувьд парламентын гишүүнээс шоронд орсон намтар түүхтэй үлдэж байна.

Бүрэн эрх нь дуусгавар болж буй энэ парламентаас Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон гишүүн цөөнгүй. Тэднээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс ял авсан. Ийнхүү МАН-ын үнэмлэхүй олонхиос бүрдсэн энэ удаагийн парламент муу нэртэй, луу данстай түүхэнд үлдэх нь гарцаагүй.

ШҮҮХЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ”

Чингэлтэй дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан хүн бол Ж.Сүхбаатар. Тэрбээр, ногоон автобусны гэх хэргээс болж Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албанаасаа чөлөөлөгдөж, шүүхээр шалгагдаж байна.

Нүүрсний хэрэгт холбогдсон ч Н.Наранбаатар ахиад говийн бүсдээ "зодоглоно". Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв. Тэр хэрэг нь юу болсон нь одоогоор тодорхойгүй.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын хэргийг шүүгээд гэм буруутайд тооцон, 40 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан. Тиймээс  Б.Энх-Амгалангийн улс төрийн карьер энэ хүрээд өндөрлөж байна.

ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН 25 ХУВЬ НЬ ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВЧ ЧАДСАНГҮЙ

Түүнчлэн намаасаа "виз" авч чадаагүй гишүүд нь Г.Амартүвшин, Ц.Анадбазар, Х.Баделхан, С.Батболд,Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Ц.Сэргэлэн, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар. Тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байх хугацаа энэ парламентаар дуусгавар болох нь.  Ийнхүү Г.Занданшатар даргатай тус ангийнхны 25 хувь нь шалгалтанд орох эрхгүй болж, гурав нь ангиасаа гарч, нэг нь ялтан болсон үр дүнтэйгээр төгсөлтийн баяраа тэмдэглэх нь. Тэдний хувьд өнөөдөр хамгийн сүүлийн дурсамж хичээлдээ орох гэж байна.  Ийнхүү өнөөдөр УИХ-ын хаврын чуулган завсарлаж, дараагийн сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр тэдний бүрэн эрх дуусгавар болох юм.

Өмнө нь УИХ-ын дарга гишүүд дотроосоо онцолж шагнал, өргөмжлөл гардуулж байсан тохиодол бий.  Дараагийн парламентад хэнийг оруулж, хэнээр хууль батлуулах нь иргэдийн сонголтоос шалтгаална.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж