Н.Амаржин: Стэнд-ап комеди эрх чөлөөний баталгаа. Эрх чөлөөтэй газар л комеди байдаг.
Парламентын ес дэх удаагийн сонгуульд АН, МАН-аас шинэ хүн, шинэ залуус цөөнгүй нэр дэвшсэн. Тэдний нэг нь бидний сайн таних комедиан Н.Амаржин.
Стэнд-ап комеди нэг талаас нь харвал урлаг юм. Нөгөө талаас дүгнэвэл улс төр мөн. Н.Амаржин Монголын улс төрийн алдаа завхрал, улстөрчдийн авлига хулгайг гаднаас нь шоглож, шүүмжилсээр ирсэн. Харин одоо улс төрийг дотроос нь өөрчлөхөөр АН-аас илгээлт аван СХД-т нэр дэвшиж байна.
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУ ХООЛОЙ
Дэлхийд стэнд-ап комеди үзэл санааны талбар болон улам төгсөрч байна. Ялангуяа ардчилсан, эрх чөлөөтэй орнуудад стэнд-ап комеди үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт ертөнц болсон. Атал дарангуйлалтай улс орнуудын эрх баригчид стэнд-ап комедийг хориглодог, хязгаарладаг. Комедианууд бол үзэл санааны тэмцэгчид, тиймээс тэднээс дарангуйлагчид айдаг ч биз.
Дийлэнх олонх монголчууд комендианыг алиалагчтай андуурах нь бий. Ялгаатай нь, хүмүүс чам руу харж инээж байвал чи алиалагч, чамтай хамт инээж байгаа бол чи комедиан. Стэнд ап комеди нь жүжиглэлтгүйгээр аливаа бодит асуудлыг хөндөж, егөөддөг. Дэлхийн улс орнуудад улс орныхоо тулгамдаж буй асуудлыг ёгт хошигнолоор зоригтой шүүмжилж, нийгэмдээ өөрчлөлт авчирч буй олон комедиан бий.
Тэгээд ч хэн хүссэн нь комедиан болдоггүй. Тухайн хүний төрөлхийн мэдрэмжээс гадна нийгэм, улс төрийг харах өнцөг чухал. Мөн олон цагийн судалгаа, шинжилгээ хийх боловсрол хэрэгтэй.
Нэг үгээр хэлбэл, стэнд-ап комеди нь эрх чөлөөний дуу хоолой. Тиймээс Н.Амаржин хэзээ ч эздийн дуу хоолой, эрх баригчдын алиалагч болохгүй. Түүний Ардчилсан намыг сонгож элссэний учир энэ биз.
Нэгэнтээ тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө товч тодорхойлсон нь: “Би цүнх баригч биш”гэх үг. Монголын улс төрд ааваараа, ахаараа хөтлүүлэн орж ирсэн “цэцэрлэгийн хөвгүүн” тэр лавтай биш юм. Түүний улс төрд орж ирсэн гол шалтгаан нь “Нийгмийнхээ асуудлын төлөө үг хэлэх эрхгүй байна гэдэг асар том аюул, гуниглал, эмгэнэл. Энэ эмгэнэл дунд амьдрахгүйн төлөө, яг одоо аажим аажмаар алсарч буй ардчиллаа аврахын төлөө, хүссэн нийгмээ бүтээхийн тулд залуучууд өөрсдөө оролцох хэрэгтэй боллоо” гэсэн товчхон тайлбар нь.
ЗАЛУУ БИЗНЕСМЭН
Н.Амаржинг Колорадогийн их сургуулийг улс төр, эдийн засагч гэсэн давхар мэргэжлээр төгссөнийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Стэнд ап комеди түүний чөлөөт цагаараа хийдэг хобби. Нөгөө талаар эрх мэдэлтнүүдийн алдаа, завхралыг эсэргүүцдэг тэмцлийн талбар нь.
АНУ-д их сургуулиа төгсч ирээд тэрбээр “Universal” сургалтын төвөө нээж байжээ. Анх умгархан өрөөнд сургалтын төвөө эхлүүлж байсан түүний бизнес өргөжсөөр өдгөө “Цонжин Кибер Боардинг” сургуулийн үүсгэн байгуулж, “Амаржины нэрэмжит тэтгэлэг” хүртэл олгодог болсон. Тэр өнөөдөр Монголын залуусын боловсролд багагүй хувь нэмэр оруулж яваа том хөрөнгө оруулагч болжээ. Түүний мөрөөдөл дэлхийн боловсрол эзэмшихэд бэлтгэгдсэн Монголын 18 настнуудыг бий болгох юм.
Ажлын намтрыг нь сонирхвол, медиа салбартай ойр нэгэн аж. “ЕTV”-д “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, мөн тус телевизийн гадаад мэдээний албанд ажиллаж байжээ. Түүнчлэн “SPS NBA Talk” хөтлөгчөөр ажиллаж асныг нь Монголын спорт сонирхогчид сайн мэдэх байх.
Н.Амаржин боловсролын салбарын шинэчлэгч төдийгүй нийгмийн нэг нөлөөлөгч. Бидний хэлдгээр инфлүүзэр хүн. Түүний улс төрийн цаг яг одоо эхлэж байна.
Тэр улс төрд тэр цоо шинэ хүн биш. Гаднаас нь идэвхтэй оролцож явсан нэгэн. МАН-ын дарангуйлал, манай нийгмийн хорт хавдар болсон авлига хулгайг ил тодоор хурцаар шүүмжилдэг, стэнд-ап комеди хийж элэглэдэг байсан. Хүний эрх, чөлөөт эдийн засаг улам бүр алсарсаар байгаа энэ цаг мөчид тэрбээр үгээрээ биш үйлдлээрээ ардчиллыг хамгаалахаар улс төрд орж ирлээ.
Улс төрд хэзээнээс идэвхтэй оролцогч болсон бэ гэх асуултад “Бүр багаасаа улс төр сонирхдог байсан. 2008 оны Обамагийн сонгуулиар манайх Вайоминг мужид амьдардаг байсан. Вайомингийн их сургуулийн яриан дээр нь очоод гар хүртэл барьсан. Тэгж хөөрөөд улс төрийн шинжлэх ухаанаар сурна гээд шийдчихсэн. 18 нас хүрээд анхны сонгуулиа өгөхдөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгч байсан” гэж хариулсан нь Н.Амаржин анхнаасаа ардчилал, эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэн байсныг илтгэнэ.
МОНГОЛ “ЗЕЛЕНСКИЙ”
Монголын ардчилалд өнөөдөр аюулын харанга дэлдээд удаж буй. МАН-ын засагласан найман жилд авлигын индекс 50 байраар, ардчиллын индекс 20 байраар ухарсан. Энэ нь Монгол Улс нэг намын, нэг хүний дарангуйлал руу аажмаар гулсаж байгааг харуулсан тоон үзүүлэлт юм. Ахиад нэг нам дангаараа 12 жил засгийн эрх барих аваас Азийн ардчиллын Баянбүрд хатаж, ширгэхэд хүрнэ. Ардчилал бол яг мод шиг. Түүнийг усалж тордож байж ургана, төлжинө.
Тиймээс ардчилсан үзэл баримтлалтай, өөрийн толгойтой, боловсрол мэдлэгтэй залуус Монголын төрд ус агаар мэт хэрэгтэй байна. Тэдний нэг бол Нэмэхбаярын Амаржин билээ.
Боловсролтой монгол хүн ардчиллын баталгаа, Монголын тусгаар тогтнол юм. Аливаа нийгмийн хөгжлийн чиг хандлага иргэдийнх нь боловсролын түвшингээр тодорхойлогддог. Иймээс дэлхийн улс орнуудад иргэний боловсролыг насан туршийн боловсрол гэж үздэг, бүх шатны сургуулийн болон албан бус боловсролын агуулгаар дамжуулан иргэдийг нийгмийн харилцаанд бэлтгэдэг.
СХД нь ядуурал, ажилгүйдэл ихтэй, үүний гол шалтгаан нь боловсролын ялгаатай байдал. Тиймээс Н.Амаржин СХД-ийн хүүхэд залуусын гадаад хэлний боловсролыг дээшлүүлж, тархины хувьсгал хийхийг гол зорилгоо болгож байна. Тэр нийгмийн нөлөөлөгчийн хувиар хаана, юу хэрэгтэйг мэднэ. СХД-ийн хүүхэд багачуудын тулгамдсан асуудлыг тэрбээр хэдийнэ олж харжээ. Түүнийгээ шийдвэр гаргах төвшинд хүргэх хүсэл тэмүүлэл түүнд байна.
Н.Амаржин Монголын парламентад иргэдийн дуу хоолой, нийгмийн нөлөөлөгчөөс улс төрийн нөлөөлөгч болж чадна гэдэгт эргэлзэх юм алга. Эрх баригчдын хулгай луйврыг нь илчилж, элэглэж чадна, гарцаагүй. Цаашид үзэл бодол, үнэт зүйлтэй, түүн дээрээ бат зогсч чадвал Н.Амаржин ирээдүйн Монгол “Зеленский” болохыг хэн мэдлээ. Харин бид түүнд тэр боломжийг нь, тулах цэгийг нь өгмөөр байна.
Жич: Аристотель ингэж хэлсэн байдаг, “Хөрөнгөгүй, ядуу нэгэн засгийн эрх барихыг ардчилал гэнэ”.
Холбоотой мэдээ