"Евро 2024"-д аль улсын шигшээ баг түрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.05-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

"Евро 2024"-д аль улсын шигшээ баг түрүүлэх вэ?

"Евро 2024"-д аль улсын шигшээ баг түрүүлэх вэ?

Цэнхэр гаригийн тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн ирэх долоо хоногт Германы арван хотод эхэлнэ. Энэ удаагийн 17 дахь Европын аваргад нийтдээ 24 баг оролцох бөгөөд бүтэн сарын хугацаанд дэлхийн анхаарлын төвд орно. Түүхийн хуудсыг сөхвөл Герман улс гурав дахь удаагаа Европын аваргыг хүлээн авч байна. Тэд анх 1988 онд Баруун Германы үед анх удаагаа зохион байгуулж байсан бол сүүлд 2020 онд Европын олон хотод зэрэг болоход эх орондоо дөрвөн тоглолт хүлээн авчээ.

Дашрамд сонирхуулахад, Герман болон Турк улсууд Евро-2024 тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, 12-4 гэсэн саналын илүүтэй Герман эрх авсан юм.

Тэгвэл ирэх Европын аваргад аль улс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай вэ?

Англи

Гурван арслангууд үргэлж л гол фаворитуудын нэг байсаар ирсэн ч хэзээ ч хүлээлтэд хүрч байгаагүй. 2019 оны Үндэстнүүдийн лигт гутгаар байрт орж, 2020 оны Европын аваргын финалд торгуулийн цохилтоор хожигдсон. Ард түмэн, фанатууд нь хүртэл дасгалжуулагч Гарет Саутгейтэд эргэлзэж эхлэв. Угтаа тэдэнд Харри Кэйн, Букайо Сака, Фил Фоден, Жюд Беллинхем тэргүүтэй өнөө цагийн шилдгүүд бий.

Ирэх Европын аваргаар ч Английг гол өрсөлдөгч, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг гэж олон мэргэжилтнүүд, фанатууд таамаглаж байгаа. Магадгүй одоо л цаг нь ирсэн байх. Шигшээ багийнх нь дотоод өрсөлдөөн хүртэл ширүүсч, Маркус Рашфорд, Рахим Стерлинг багтаагүй гэхээр бүрэлдэхүүн үнэхээр сайн байна. Гагцхүү Саутгейт тэднийг чиглүүлж чадах болов уу?

Франц

Мэдээж өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийг тодорхойлж буй Францын шигшээ Английн араас нэрлэгдэж байна. Дэндүү динамик, хурдтай, үзүүштэй хөлбөмбөгийг толилуулдаг "Гурван өнгөтнүүд"-ийн супер од Килиан Мбаппе саяхан Реал Мадридтай нэгдэж, санасандаа хүрч сэтгэлээ амраасан. Ирэх Европын аваргаар ч гангарах нь тодорхой.

Шигшээ багийн бүрэлдэхүүн нь хүртэл анхаарал татам. Тодруулбал, Европын хөлбөмбөгөөс холдож, Саудын Арабыг зорьсноосоо хойш сураг алдраад байсан Нколо Канте эргэн ирсэн бол ПСЖ-ийн Брэдли Баркола, Варрен Зайре-Эмери гэх залуусыг шигшээд дуудав.

Хоёр дэлхийн аварга дараалан финалдаж, хүчирхэг гэдгээ харуулсан тэд 2016 онд нутаг дээрээ Еврогийн финалд хүрсэн ч Португалд хожигдсон түүхтэй. Хамгийн сонирхолтой нь Францын шигшээ 2000 оноос хойш тивийнхээ аварга болоогүй л байна.

Герман

Германы шигшээ багийн бүтэн үе солигдож, одоо л цэгцрэх тийшээгээ хандаж байна. Сүүлийн дэлхийн аварга, Европын аваргад бидний мэддэг "Герман машин" харагдаагүй. Харин энэ удаад залуу дасгалжуулагч Юлиан Нагелсманны удирдлага дор туршлага сууж, хор нь гарсан шигшээ баг эх орондоо тоглоно.

Еврогийн зохион байгуулагч гэдэг утгаараа тивийн гурван удаагийн аварга багаас их зүйл хүлээж байна. Тэд өнгөрсөн Еврогийн хасагдах шатанд Англид хожигдсон бол 2016 онд гутгаар байр эзэлж байлаа.

Юлиан Нагелсманны шигшээ баг залуухан, хүчирхэг баг. Брайтоны Паскаль Гроссоос эхлээд өнгөрсөн улирал гангарсан Флориан Виртц, хэдийнэ дэлхийн од болчихсон Жамал Мусиала, Кай Хавертц нар бий.

Испани

Германы адилаар тивдээ гурван удаа түрүүлж, рекордтой эн зэрэгцсэн Испанийн шигшээ ирэх тэмцээнд цахиур хагалах магадлалтай. Залуу авьяастан Ламине Ямалаас гадна туршлагатай Родри, Нико Уиллиамс, Дани Олмо, Хоселу гээд залуу нас, туршлага нь тэнцвэртэй баг.

Өмнөх Европын аваргаар тэд хагас шигшээд Италийн шигшээд торгуулийн цохилтоор хожигдож байлаа. Үе солигдож байсан тухайн үед Испанийг хагас шигшээд хүрнэ гэж таамагласан хүн цөөхөн биз. Энэ ч утгаараа энэ жил өмнөх амжилтаа ахиулах бүрэн боломжтой.

Португал

Хэрэв Португал нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадвал Германд аюул тарих баг. Зургаа дахь Евродоо орох гэж буй Кристиано Роналдо, 41 настай Пепе зэрэг туршлага гэж далай шиг эрхмүүдийн хажууд Жоао Невеш, Бруно Фернандеш, Бернадо Силва тэргүүтэй ид яваа залуучууд байна.

2016 онд юу болсныг та бүхэн санаж байгаа нь лавтай. Тооцооноос гадуур байсан Португалын шигшээ хасагдах шатанд арай гэж шалгарч, үлгэн салган явсаар финалд талбайн эзэн хүчирхэг Францыг хожиж, түрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш Португалыг дутуу үнэлж, тооцооноос хасах учиргүйг ухаарсан. Цагтаа ганц Роналдотой гэж байсан бол одоо залуу одод бий.

Та бүхэнд хэсгийн байдлыг танилцуулъя.

А хэсэг

Германы хамтаар Швейцарь, Унгар, Шотланд багтсан. Талбайн эздийг хэсгээ тэргүүлнэ гэдэгт ард түмэн нь итгэж байгаа. Харин хоёрдугаар байраар Гранит Шака, Аканжи, Шакири, Шар, Зоммертай Швейцарийг шалгарах болов уу гэж харж байна. Хамгаалалт сайтай Шотланд ч зөөлөн боорцог биш.

В хэсэг

Энэ хэсэгт Испани, Хорват, Албани, Итали гэсэн багууд орсон. Гурван бар, нэг муур гэхэд хилсдэхгүй. Ширүүн өрсөлдөөн гарах нь дамжиггүй.

С хэсэг

Англи үнэхээр түрүүлэх баг гэдгээ харуулахын тулд Словени, Дани, Сербийг давах хэрэгтэй.

D хэсэг

Франц, Нидерланд гэсэн хоёр том нэр энэ хэсэгт бий. Тэдэн дээр Австри, Польш нэмэгдэж байна.

Е хэсэг

Хүч суларсан Бельгийг Румын, Украин, Словак хожиж чадах болов уу?

F хэсэг

Шигшээ багтайгаа сүүлийн бүжгээ хийж болзошгүй Кристиано Роналдо Турк, Гүрж, Чехийн эсрэг тоглох болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж