Засгийн газар “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас жилийн 6 хувийн хүүтэй, 50 сая төгрөгийн зээл авах боломжтой болсон юм. Таван жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Одоогоор улсын хэмжээнд 115 хоршоонд 10 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Гэвч эл хөтөлбөр нь эдийн засагт хүндрэл дагуулна гэдгийг судлаачдын зүгээс тайлбарлаж буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын байр суурийг онцолж байна.
Ү.Амарбат:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх
“Шинэ хоршоо” хөдөлгөөн өнгөрсөн нэг сарын хугацаанд хэрэгжиж байна. Сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаа өрнөж байгаа малчид өөрсдийнхөө асуудлыг хамтарч шийдвэрлэх хамгийн том боломж олгосон хөтөлбөр. Мал аж ахуйн салбарт эдийн засгийн үр өгөөж нь ченжийн дамжлага дээр гарч ирдгийг өөрчилж, малчдад хүргэх боломжийг олгоно. Ямааны мах нэг кг нь 3500 төгрөг болтлоо унадаг. Улаанбаатар хотод хавар мах нэг кг нь 25 мянгаас 30 мянган төгрөгт хүрдэг ченжийн оролцоог халж, малчид өөрсдөө нийлүүлэгч болох боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн олгож байгаа. Хөрөнгө оруулалтын зээлийн 80 хувь Улаанбаатар хотод, үлдсэн 20 хувь нь төв суурин газарт гарч байгаа. Таван жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн дийлэнх хэсэг сумдад шингэнэ. Хөрөнгө оруулалтын зээл малчдад мал аж ахуйн салбарт олгож байгаагаараа онцлогтой.
Малчид дараа дараагийн зуданд зутардаггүй, төрийн гар харж биш хоршооныхоо хүчээр давж туулдаг тогтолцоог бүрэн бүрдүүлэх зорилготой юм.
Хүндэрсэн үед нь тусламжийн аргаар шийддэг бус бололцоотой үед нь хөрөнгө оруулалт хийж шаардлагатай батлан даалт, хамтын ажиллагааг хийж чаддаг байх хөдөлгөөн юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжвэл малын гаралтай түүхий эдийн үнэ хямд байгааг түүх болгон үлдээнэ.
Малчид банкнаас 20 хувийн хүүтэй хэрэглээний зээл авах гэж очдог биш 6 хувийн хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авах гэж хамтдаа хоршоолох гэж очдог цаг үеийг авч ирнэ. Малчид хэрэглээний зээлийн дарамтад байнга байдаг биш хөрөнгө оруулалтын зээлээрээ асуудлаа шийдээд энэ цагийн хөрөнгө оруулагчид, энэ цагийн бизнесмэнүүд, энэ цагийн чинээлэг иргэд болох юм.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр олгож байгаа зээл 100 хувь банкнаас олгогдоно. Зээлийн эцсийн шийдвэрийг банк гаргана. Ямар асуудлаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авах вэ гэдгийг арилжааны банкууд шийдвэрлэнэ. Энэнд улстөрчийн эрх мэдлийн оролцоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын зарим нэр бүхий гишүүдийнх нь хэлээд байгаа шиг өөрсдийнх нь хийж гаршсан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр ч юм уу, эсвэл Чингис бондын мөнгийг Хөгжлийн банкинд байршуулж байгаад гурван хувийн хүүтэй зээлийг өөрсдөө хэдэн их нядаар авдаг шиг зээл биш. Зээлтэй холбоотой шийдвэрийг банк гаргана.
Р.Амаржаргал:
УИХ-ын гишүүн асан
-Таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сонгуулийн сэдэв болгон МАН сэвж байна. “Очкоо алдах” нь гээд хоёр их наяд, арай хүрэхгүй буй, “Малчдын өрийг тэглэ” гэж АН барьцаж байх шив. Малчдын санал зулгаах санаатай, малчдад хайр зарлаж, дүр эсгэсэн үйлдлүүд гэж ойлговол асуудал нь эдийн засгийн гэхээсээ цэвэр улс төрийн асуудал болов. Улс төрийн асуудал болохоор хэн нэг субъект нь хожно, нөгөө нэг нь хохирно.
Яг нарийндаа, мал аж ахуйн талаарх бодлого ямар байхдаа ч биш, харин уг бодлого тойрсон улс төр яаж өрнөх нь ярвигтай байдал үүсгэж байгаа юм. Хөдөөгийн талаарх бодлого гээд байгаа нь улс төрийн процесс бөгөөд тодорхой “бооцоотой” юм. Хэн хожих, хэн төлбөрийг даах вэ? Хэн хожихыг таах аргагүй харин “төлбөр даагч нь” нийгэм тэр чигээрээ бөгөөд нэг хүнд ирэх төлбөр нь анхандаа, шимтгэл мэт харьцангуй бага дүнтэй байна.
Гэхдээ энэ бол богино хугацаанд, алсдаа бол шимтгэл нь татвар, үнийн өсөлт болон иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа болж ирнэ.
МАНАН-ын сэвээд буй санал нь эдийн засаг болон улс төрийн хувьд эргэлзээтэйгээс гадна эдийн засгийн тогтсон тэнцвэрийг ганхуулж, улс төрийн статус кво-г алдагдуулна.
Товчхондоо, “малчдад зарласан хайр” нь энэ цаг үеийн улс төрийн нөхцөлөөр тодорхойлогдсон.
Зудад нэрвэгдсэн малчдын саналыг татах гэж 5 их наяд төгрөг “Шинэ хоршоо” нэрээр амлах, амлаад зогсохгүй зарим нэгэн аймаг суманд хэрэгжиж буй гэж пиар өрнүүлэх нь “чихэн дээр цэцэг ургуулах” гэдэгтэй төстэй. Чихэнд чимэгтэй гэдгээр нь хандах нь зөвхөн малчдад төдийгүй нийгмийн бусдад алсдаа гай болох юм.
Сонгуулийн халууралдаа хөтлөгдөөд эдийн засгийн бүхэл бүтэн салбараар тоглож байгаа улс төрөөс болгоомжлох нь өлзийтэй байх.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ