Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм.
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо гаргасан.
Харин өнөөдөр салбарын гүйцэтгэл 65 хувиар өсч, нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо биелүүлэхэд ойрхон байна. Энэ бол сайн мэдээ.
Нэг өдөр 1000 орчим жуулчин Монголыг зорин ирдэг болжээ.
Тоон мэдээлэл харьцуулъя. Өнгөрсөн 2019 онд буюу цар тахлын өмнө Монголд ирэх жуулчны тоо 577 мянга хүрч, экспортын орлого 670 сая ам.долларт хүрсэн. Харин 2023 онд жуулчны тоо 651 мянга давж, экспортын орлого 1.27 тэрбум ам.доллар давсан нь түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон. Энэ жилийн хувьд ч үүнээс өндөр төсөөлөлтэй байгаа биз.
Нэг жуулчин 27 ажлын байрыг бий болгодог учир хил орчимд ирж байгаа жуулчид нэгдүгээрт, визгүй орж ирж байгаа гэдгээрээ маш давуу талтай.
Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн. Энэ нь ч эхнээсээ үр дүнгээ өгчээ. Хамгийн сүүлд “Nas Daily"-ийн баг буюу есөн орны нийт 81 сая дагагчтай сошиал нөлөөлөгчид Монголын аялал жуулчлалыг сурталчлахаар хоёр дахь удаагаа ирсэн юм.
Мөн Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орны нийтдээ 20 сая гаруй дагагчтай контент бүтээгч, нөлөөлөгчдийг урьж, монгол орны өвлийн улиралтай танилцуулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд сурталчлах зорилгоор цахим орчинд есөн контент, таван блог, 100 гаруй богино бичлэг, зурагнуудыг оруулж, 1,1 сая гаруй идэвхитэй хандалт авсан байна. Өмнөд Солонгос, Япон улсын иргэд олноороо Монголд аялах чин хүсэлтэй байдаг. Тэр ч утгаараа гадаад жуулчдын дийлэнхийг дээрх хоёр орны жуулчид эзэлдэг гэдгийг салбарынхан онцолдог.
Салбар яамнаас жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх визийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд анхаарч, хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна.
Монгол Улс дипломат харилцаа тогтоосон 193 улс, Монголд бүх төрлийн паспорттой визгүй зорчих 25 улс, дипломат албан паспорттой, визгүй зорчих 37 улс байна. Монголын талаас 2010 онд Япон улс, 2013 онд Канад, Герман улсын иргэдийг тус тус 30 хүртэлх хоногийн хугацаатай визээс чөлөөлөх шийдвэрийг дангаараа гаргаж байсан. Харин 2022 онд Өмнөд Солонгос улсын иргэдийг, 2023 онд Европын 34 орны иргэдийг 2025 он дуустал визийн шаардлагаас чөлөөлжээ.
Мөн Улаанбаатар хот орчимд жуулчдад зориулсан стандартад нийцсэн 6000 ор бий болгоход төрөөс дэмжиж, газар олгохоор болсон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн хугацаанд дотоодын аялал жуулчлал, нүхэн жорлон, тусгай хамгаалалттай газар гэх мэт тулга тойрсон асуудлаас илүүтэй олон улс руу чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, алсыг харсан шийдвэр гаргаж байгаа нь эхнээсээ улс орны эдийн засагт эерэг үр дүнг авчирч байна. Ингэснээр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 2023 онд 24 хувиар өссөн үзүүлэлт гарч, 2024 онд Монгол Улс аялахад таатай улс орнуудын жагсаалтад багтаад буй.
Холбоотой мэдээ