Диана гүнжийн алдартай гэрэл зураг олон бий. Хааны ордны дүрэм журмыг зөрчсөн “өшөө авалтын даашинз”-тай, ДОХ-той өвчтөнтэй гар барьсан зэрэг зарим зураг нь өдгөө мартагдсан ч гэлээ тухайн үедээ дэлхий дахиныг шуугиулж, олон нийтийн үзэл бодолд нөлөөлж байв.
Эдгээр алдартай зургаас бүрдсэн үзэсгэлэн Лондон хотноо өнгөрсөн сарын 25-нд нээгдсэн бөгөөд есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Уг үзэсгэлэнгээс хүмүүнлэгийн үйлстэн, ээж, загварын шүтээн гээд Диана гүнжийн олон дүрийг харах боломжтой.
Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудыг дээдсийн зурагчин Анвар Хуссейн авчээ. Тэрбээр өдгөө 85 настай бөгөөд Диана гүнжийг дөнгөж 19 настай байхаас зургийг нь дарж эхэлсэн гэдэг.
“Анхандаа намайг дээдсийн хүрээллийнхний зургийг дарж чадахгүй гэдэг байлаа. Яагаад чадахгүй гэж, би өөрчлөгдмөөр байна гэж би хэлдэг байв. Боб Марли, Элтон Жон, Битлз гээд рок н роллын домгуудын зургийг авч байсан. Шоу бизнес рүү ч орж үзсэн” гэж тэр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ярьжээ.
“CNN”-ын сурвалжлах баг Анварын хоёр хүүтэй хамт үзэсгэлэнг үзсэн байна. Түүний хоёр хүү Самир, Зак нар аавынхаа замналаар хааны гэр бүлийн зургийг дарах болжээ. Тэд хааны гэр бүлийн бага залуу гишүүдийн зургийг авдаг.
Самир алдарт “өшөө авалтын даашинз” зургийн өмнө зогсоод “Диана тогтсон чиг хандлагыг үнэхээр няцааж чадсан. Тэр маш их зүйлийг өөрчилсөн. Орчин үед Кэйт, Меган нарын өмсөж зүүж байгаа бүхнийг олон нийт хэвийн, энгийн гэж харж байгаа. Үүнийг Диана л ийм болгож өөрчилсөн юм” гэжээ.
Эргэн сануулахад, Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-тай зургийг “Vanity Fair” үдэшлэгийн үеэр буюу Чарльз гэр бүлээс гадуурх харилцаагаа олон нийтэд дэлгэсэн тэр өдөр дарсан аж. Тэр өдөр хүмүүс Дианаг арга хэмжээнд ирэхгүй байж гэж бодсон. Гэвч Диана алт эрдэнэс адил гялалзан гарч ирснээрээ “Би нуугдаж амьдрахгүй, цаашид ч өөрөөрөө байх болно” гэх маш том мэдэгдлийг хийсэн юм.
Харин Анварын хувьд өөр зургийн онцлох дуртай. Диана гүнж 1996 онд Пакистаны Лахоре дахь эмнэлэгт зочлох үеэрээ хорт хавдартай хүүхдийг тэвэрч авхуулсан зураг нь байдаг. “Энэ бол Дианагийн дуртай зураг. Энэ хүү хараагүй юм. Хүүгээс эмчилгээнд нь хэрэглэдэг төрөл бүрийн химийн бодис үнэртэж байсан ч Диана үүнийг үл тоон, хүүг тэвэрсэн. Хожим нь хүүг нас барахад Диана гүнж маш их харамссан. Энэ үйл явдал түүнийг хэчнээн хүнлэг болохыг харуулна” гэж Анвар хэлжээ.
Анвар болон түүний хоёр хүү олон жилийн турш хааны гэр бүлийн хэчнээн мянган зургийг дарсан. Энэ олон зураг бүгд нэг л зүйлийг өгүүлдэг. Тэр бол “үлдээх өв”.
“Энэ үзэсгэлэнгээр ямар нэгэн маргаан дэгдээхийг бид хүсээгүй. Бид Диана гүнжийн амьдрал болон үлдээх өвийг л онцлон тэмдэглэмээр байна. Диана гүнжийн тухай кинонууд ч бий. Тэгэхээр бүхэл бүтэн үе тэр чигээрээ Диана гүнжийн амьдрал, түүхийг ойлгож авч байгаа байх” гэж Анвар хэлэв.
Үзэсгэлэнгийн өөр өөр хэсэгт тавигдсан хоорондоо бараг ижил боловч асар ялгаатай хоёр зургийг Самир, Зак нар онцолжээ. Эхний зураг нь Энэтхэгийн Таж Махалын өмнө ганцаараа суух Дианагийн зураг. 1992 оны тэр нэгэн өдөр Чарльз өөр ажилтай гэсэн тул Диана гүнж ганцаараа Таж Махалд ирсэн бөгөөд үүнээс хойш нэг их удалгүй хосууд салж байгаагаа зарлажээ.
24 жилийн дараа Анварын хүү Зак ханхүү Уилльям болон түүний эхнэр Кэйт нарын зургийг дарахаар Таж Махалд ирсэн юм. “Янз бүрийн таамаг маш их байсан. Тэд Диана гүнжийн энд авхуулсан зургийг дуурайх болов уу гээд л. Гэтэл тэд хамтдаа сандал дээр суусан бөгөөд хайраар дүүрэн харагдаж байлаа” гэж Зак ярьжээ.




Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ