ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Хятадад айлчлахдаа Ши Жиньпинд хандаж гурван хүсэлт тавьсан. Тодруулбал, тэрбээр Хятадын банкуудыг Орост нэвтрүүлж, юанийг гүйлгээнд оруулах, Украины дайнд үзүүлэх дэмжлэг, “Сибирийн хүч 2” хийн хоолойн гэрээг урагшлуулах гэсэн гурван хүсэлтэйгээр Бээжинг зорьжээ.
Гурван хүслийн нэгийг Ши Жиньпин дарга биелүүлсэн бол нэгээс нь татгалзаж, нэг нь бүрэн шийдэгдсэн зүйлгүй байна.
Нэгдүгээрт, Ши Жиньпин дарга ирэх сард Швейцарьт болох Украины энх тайвны бага хуралд Хятад оролцохгүй гэдэг мэдэгдлийг өнгөрсөн Баасан гаригт хийлээ. Энэ бол Украин дахь Оросын дайнд дэмжлэг үзүүлэх гэсэн амлалтдаа хүрч буй мэдэгдэл юм. Хятад улс Оросын талыг баримталдаг ч, олон улсад төвийг сахисан байр сууриа хадгалахыг эрмэлзэж байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тайлбарлахдаа “Уулзалтын зохион байгуулалт нь Хятадын хүсэлт болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтээс зөрж байна. Энэ нь Хятадыг оролцоход хүндрэл учруулж байна. Олон улсын энх тайвны бага хурлыг Орос, Украины аль аль нь дэмжиж, олон улсын бүх саналыг харгалзан үзсэний дагуу зохион байгуулах ёстой. Тэгээгүй нөхцөлд энх тайвныг сэргээхэд хэцүү” гэжээ.
Харин Бээжин дэх Украины Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч "Хятадын тал Швейцарьт болох дээд хэмжээний уулзалтын тавцанд байр сууриа илэрхийлэх боломжийг ашиглахгүй байгаад бид маш их харамсаж байна" гэж мэдэгдсэн байна.
ОХУ энэ хуралд Монгол Улсыг ч бас оролцохгүй байхыг уриалсан билээ.
Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энхийн бага хурлын асуудлаар өрнөдийн шахалтад автахгүй байхыг Монгол, Япон, Хятад, Төв Африк зэрэг дэлхийн өмнөд бүсийн улс орнуудад уриалсан юм. Тэрбээр “Оростой харилцах олон улсын харилцааг барууны орнууд хязгаарлахыг эрмэлзэж байна. Оросын хамгийн идэвхтэй гадаад харилцаануудад АНУ саад хийж байгаа тул шахалтад автахгүй байхыг өмнөд бүсийн орнуудад сануулъя” гэжээ.
Хоёрдугаарт, Хятад улс Оросын хийг дотооддоо борлуулдаг түвшинтэй нь бараг ижил үнээр авахыг тулгажээ. Энэ бол “Сибирийн хүч 2” хийн хоолойн гэрээг урагшлуулах гэсэн хүсэлтийн эсрэг үйлдэл гэж үзэж байна. “Financial Times”-д мэдээлснээр ОХУ-ын Хятадтай байгалийн хийн хоолойн томоохон хэлэлцээр байгуулах оролдлого нь үнэ болон нийлүүлсэн хийн хэмжээний талаарх санал зөрөлдөөний улмаас гацсан аж.
"Сибирийн хүч 2" хийн хоолой нь ОХУ-ын Ямало-Ненецкийн автономит тойргоос эхлээд Өвөрмонгол хүрэх бөгөөд 2600 км урт. Монгол Улсыг дайран өнгөрөх хийн хоолойг 2030 онд ашиглалтад орно гэж анх төлөвлөжээ. Тус хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай. Гэвч эндээс багахан хэсгийг худалдаж худалдаж авахаар тохиролцсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Украин дахь дайн эхэлснээс хойш ОХУ Хятадаас хэр их дэмжлэг авсныг энэ шийдвэр харуулна гэж үзэв.
Хэрвээ “Сибирийн хүч 2” хийн хоолой батлагдвал Хятадын зах зээл Оросын баруун хэсэгт орших байгалийн хийн ордуудтай холбогдож, хориг арга хэмжээнд орсон Газпром ч алдагдлаа нөхнө гэсэн үг юм. Оросын баруун хэсэгт орших байгалийн хийн ордуудын хувьд өмнө нь Европ руу хий нийлүүлдэг байв.
Европт байгалийн хийн борлуулалт буурч байгаатай холбоотойгоор Газпром өнгөрсөн жил 629 тэрбум рублийн алдагдал хүлээсэн. Энэ нь сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн том алдагдал байв.
Хэлэлцээг удахгүй эцэслэнэ гэж ОХУ найдаж байгаа ч өнгөрсөн сард Путины Бээжинд хийсэн айлчлалын үеэр “Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер ерөнхийлөгчийг дагалдан яваагүй нь асуулт дагуулсан юм. Энэ нь хэлэлцээ зогсонги байдалд орсны нэг илрэл гэж ажиглагчид үзжээ.
Миллер Бээжинд айлчлаагүй боловч Иранд айлчилжээ. Түүнийг Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер, Газрын тосны сайд Жавад Оужи нартай уулзсан гэж үзэж байна. ОХУ нь байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч Ирантай биет дамжуулах хоолойгүй.
Гуравдугаарт, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа Оросын хүссэнээс хамаагүй доогуур түвшинд байгааг эх сурвалж мэдээлэв.
Хоёр улс Оросын батлан хамгаалахын салбарын эд ангиудын худалдааг санхүүжүүлэхээр цөөн хэдэн банктай ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Гэвч энэ оролдлогод АНУ хориг арга хэмжээ авах нь дамжиггүй гэж эх сурвалж мэдээлэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл өнгөрсөн долоо хоногт Хятадын пүүс, банкуудад хориг арга хэмжээ авах аюул заналхийлсэн тухай мэдээлжээ. Үүнийг тэр ОХУ-ын Украин дахь дайныг дэмжсэнтэй холбогдуулан тайлбарласан юм. Тэрбээр “Хятадын дэмжлэг нь Москвад алсын тусгалын пуужин, их буу, нисгэгчгүй нисэх онгоц, байлдааны талбарын хөдөлгөөнийг хянах чадвар зэрэг армийн бүрэлдэхүүн хэсгийг сэргээхэд тусалж байна. Бид Оросыг дэмжихэд системтэй оролцсон Хятадын компаниудад гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудыг сайтар судалсан” гэжээ.
Эх сурвалж: OFFSHORE TECHNOLOGY, ASIA FINANCIAL, UPSTREAM
Холбоотой мэдээ