Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа талаар Соёлын яамнаас мэдээллээ.
Шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон талаар өмнө нь мэдээлж байв. Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байсан удаатай.
"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.

Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд хэлж байв. Энэ онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Гэвч шинэ музей энэ ондоо багтаж ашиглалт орж чадахгүй болсон нь тодорхой.
Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.
Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ РҮҮ ШИЛЖСЭН
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.
Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.
Музейн өмнөх захирал Н.Зоригтбаатар “Монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэдгийг хэлж байсан. Харин одоогийн захирал И.Будбаярын хувьд "Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ