УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд үнэгүй ажиллах ухуулагч хайж эхэлжээ. Тойрог томссоноор сонгуулийн зардал өндөр болж, нэр дэвшигч тэрбум гаруй төгрөгийг зарцуулах шаардлага үүссэн аж. Иймээс намынхандаа хандан “Сонгуулийн үнэгүй ажиллаад өгөх хүн байвал надад ажиллуулж өгөөрэй. Ухуулагч нараа цалинжуулж чадахгүй нь” гэдэг зовлонгоо ч тоочжээ.
Энэ талаар тэрбээр “Хамгийн хүнд юм сонгуулийн зардал байна. Сонгуулийн хуулиа батлахдаа тойрог томсоно гэж тооцоогүй. Тойрог томссоноос зардал гурав дахин нэмэгдсэн.
2016 оны УИХ-ын сонгууль жижиг тойргоор зохион байгуулагдсан. 200 сая төгрөгөөр сонгууль хийж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 400 орчим сая төгрөг зарцуулсан. Сонгуулийн хорооноос тогтоосноор энэ жилийн сонгуулийн зардал нэг тэрбум гараад явсан. Шуудхан хэлэхэд маш хүнд байна. Хүнээс хандив гуйлаа гэхэд орлого зарлагадаа хүртэл тусгах ёстой. Би бол найз нөхөд, ах дүү нараасаа гуйж байна. Заримд нь шууд хэлж байгаа. Ухуулагчийн мөнгө өгч чадахгүй нь байна шүү. Үнэгүй ажиллах хүмүүс байвал надад ажиллуулж өгөөрэй” гэж намынхандаа хэлж байгаа. Зардлын хувьд маш хүнд сонгууль болох гэж байна. Сонгулуийн зардлаа босгохын тулд би сонгогчиддоо л хандана. Гол итгэл намын гишүүд дэмжигчид маань. Зардалгүй ажиллаад өгчихдөг блов уу гэдэг байр суурьтай байна.
Дэмждэг ах дүү, найз нөхөд, анги хамт олон, бизнес хийдэг ойр тойрны хүмүүсээсээ хандив гуйдаг. Ний нуугүй хэлэхэд тэд нуруугаа авчихаад байна. Мань мэт нь тусалдаг дэмждэг хүмүүс биш төрийн ажлын төлөө гээд урагшаа хараад явдаг юм чинь. Зөвхөн над дээр биш УИХ-ын гишүүд бүгдээрээ энэ зовлонг ярьж байна. Бизнесгүй гишүүдийн хувьд сонгуулийн зардалд балрах боллоо гээд ярьж байна” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ