Монгол дахь Америкийн Худалдааны танхим /АмЧам/-ын зургадугаар сарын хурлыг “Сонгуулийн дараах Монгол Улсын дүр зураг” сэдвээр өнөөдөр /2024.06.04/ зохион байгууллаа. Эдийн засагчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл энэ оны сүүлийн хагас болон сонгуулиас хойш үеийн эдийн засгийн төсөөллийг хэлэлцэж, сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газрын ойрын болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл, эдийн засгийн бодлогын талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн шинээр байгуулагдах 126 гишүүнтэй УИХ эдийн засгийн макро түвшинд сэргэлт бий болгох ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатайг эдийн засагчид онцолсон юм.
Эдийн засагчдын хэлж байгаагаар сонгуулийн өмнө хэтэрхий их тэлэлт хийж, хэт их мөнгөтэй холбоотой томоохон шийдвэр гаргадаг. Энэ удаад ч гэсэн төсвийн томоохон тэлэлт, мөнгөний нийлүүлэлт, эрхзүйн орчны томоохон шинэчлэлтүүдийг хийж байгаа. Угтаа сонгуулийн дараа ч Монголд амьдрал үргэлжилнэ.
Тиймээс эдийн засгийн өсөлт хүссэн хэмжээгээр хангагдаж чадахгүй тохиолдолд болон инфляц, валютын ханш дээр ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь нэлээд эргэлзээтэй харагдаж байгааг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр санал солилцсон юм. Мөн шинэ Засгийн Газар өмнөх дээрээ суурилсан залгамж халаатай бодлого явуулахгүйгээр цоо шинэ зүйлүүдийг санаачилснаас болоод эдийн засагт савлагаа үүсэх тохиолдлууд зөндөө байдаг. Тиймээс төрийн уялдаа холбоотой байдал чухал гэсэн юм.
Удахгүй болох сонгуулийн дараагаар УИХ-ын гишүүдийн 3/1 нь улирч сонгогдоно. Тэгэхээр эдийн засагтай холбоотой асуудлуудад яаралтай шийдвэр гаргахгүйгээр уялдаа холбоотой бодлого боловсруулж, шийдвэр гаргах нь үр дүнтэй гэдгийг мэдээллээ.
Мөн хамгийн чухал нь сонгуулийн дараа ч Монголд амьдрал үргэлжлэх учир төр хувийн хэвшлээ дэмжиж хамтарч ажиллах хэрэгцээ өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдалтай байгааг тус тус өнөөдрийн хэлэлцүүлгээр санал солилцох үеэр эдийн засагчид хэлсэн юм.
Холбоотой мэдээ