“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймагт өнөөдөр /2024.06.04/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр эхлэн тав дахь өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.
Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.