Оросыг дэмжигч суртал ухуулагчид ирэх сард болох Парисын зуны олимпийн наадмыг гутаан доромжлох, Украинд үзүүлэх барууны дэмжлэгийг саармагжуулах оролдлогыг эрчимжүүлж байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) руу дайрсан хуурамч бичлэг Оросын суртал ухуулагчид хийжээ.
Үүнд жүжигчин Том Крузын дуу хоолойг ашиглан, хиймэл оюун ухаанаар жүжигчин эрэгтэйг дуурайлган, Эйфелийн цамхгийн ойролцоо Украины дайныг сурталчилсан бичлэг хийсэн байна. "Энэхүү пропаганда нь Олимпийн наадмыг зогсоох, Украин барууны зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт довтлохыг зогсоох гэсэн Оросын тусгай албаныхны хийж буй ажил" гэж ташаа мэдээллийг хянадаг шинжээчид үзэв.
Учир нь Олон улсын олимпийн хороо Украины дайнаас болж Оросын тамирчдыг Парисын олимпод оролцохыг хязгаарласан.
Оросын ажилтнууд хуурамч Том Крузын дуу хоолой, "Netflix" лого, тэр ч байтугай Нью-Йорк Таймс сонины хуурамч тоймыг ашиглан хуурамч бичлэгийг хууль ёсны болгох гэж оролдсон байна. "Telegram" платформ дээр гарсан суртал ухуулгын бичлэг нь Парисын олимпийг гутаан доромжлоход чиглэсэн Оросын суртал ухуулгын кампанит ажил гэж Майкрософт мэдэгджээ. Оросын суртал ухуулагчид мөн "Парисын иргэд олимпийн үеэр алан хядах ажиллагаа явагдахаас болгоомжилж эд хөрөнгийн даатгал худалдаж авч байна" гэсэн худал мэдээ тараасан. Мөн "Тагнуулын төв газар болон Францын тагнуулын газраас терроризмын талаар сэрэмжлүүлсэн" гэх хуурамч мэдээ тарааж байна гэж Майкрософт мэдээлэв.
Жүжигчин эрэгтэйн хиймэл дүр төрхийг агуулсан тус бичлэгийн эх сурвалжийг АНУ-ын тагнуулын алба ил болгоогүй.
ОХУ-ын Олон улсын олимпийн хорооны эсрэг тэмцэл олон жил үргэлжилж байна. Кремль 2022 онд Украинд бүрэн халдан довтолсон тул Оросын тамирчдыг Парист Оросын далбаан дор албан ёсоор тэмцээнд оролцохыг Олимпийн хороо хориглосон билээ. Оросын тамирчид допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар өмнөх олимпийн наадамд ийм хязгаарлалттай тулгарч байсан. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, 2018 онд Өмнөд Солонгост болсон Өвлийн Олимпийн наадмын нээлтийн үеэр гарсан кибер халдлагын ард Оросын цэргийн тагнуулын байгууллага байсан. Парисын олимпийн албаныхан ирэх сард ийм аюул заналхийллийн эсрэг бэлдэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ