Филиппиний эрх баригчид тус улсын баруун хэсэгт орших Канлаон галт уулын ойролцоо амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Галт уулын дэлбэрэлт зургаан минут үргэлжилсэн бөгөөд хүчтэй газар хөдлөлт үүсгэжээ. Ойролцоох Канлаон хотод ажил, сургуулийг түр зогсоосон байна. Мөн гурван агаарын тээврийн компани 32 нислэгээ цуцалжээ.
Негрос мужийн Канлаон хотын захирагч Хосе Чубаско Карденас "Нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү очиж, сонор сэрэмжтэй байж, ус, хоол хүнс зэрэг чухал зүйлсийг бэлтгэ" гэж мэдэгджээ. Засгийн газрын албан тушаалтнууд мөн аюултай үнс нурах, хүхрийн үнэр, дахин дэлбэрч болзошгүйг анхааруулав. Урсгалын дагуух гол мөрөнд лава урсан орж, үерлэх зэрэг аюул нүүрлэх эрсдэлтэй байгааг онцолжээ.
Орон нутгийн цагаар Мягмар гаригийн 06:51 цагт дэлбэрсэн.
Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн (PHIVOLCS) дохиоллын түвшин өсч, цаашид "дэлбэрэлт" болохоос сэрэмжлүүлэв. Газар хөдлөлт судлалын агентлагаас үнсний тоосонцороос болгоомжлох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Агентлагийн дарга Тересито Баколкол орон нутгийн радиод "Бид хүмүүст галт уулын үнснээс өөрсдийгөө хамгаалахын тулд нүүрний маск зүүхийг зөвлөж байна” гэв. Галт уулын үнс дээшээ 3 км хүртэл үсэрч, тархсан байна. Ойролцоох Негрос Оксидентал мужид 700 гаруй хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоргодож байна гэж амбан захирагч Хосе Лаксон мэдэгдэв. Дэлбэрэлтээс хойш сураггүй алга болсон, бэртэж гэмтсэн, амь үрэгдэгсдийн тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэхийн тулд гамшигт өртсөн газруудад хариу арга хэмжээ авах багууд ажиллаж байна гэж тус улсын иргэний хамгаалалтын агентлаг мэдэгдэл хийлээ. Канлаон бол тус улсын хорь гаруй идэвхтэй галт уулын нэг бөгөөд хамгийн сүүлд 2017 оны арванхоёрдугаар сард дэлбэрчээ. Филиппин улс нь галт уулын идэвхжил, газар хөдлөлт ихтэй Номхон далайн галт цагирагт оршдог юм.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ