Украин дахь дайнд дайчлагдсан цэргүүдийн ар гэр болох 20 орчим эмэгтэй Даваа гаригт ОХУ-ын Батлан хамгаалах яамны гадна сөхрөн сууж, нөхрүүд, хөвгүүдийг нь эргүүлэн авчрахыг хүслээ. Цэргүүдийн ар гэр гэх цөөн тооны эмэгтэй сүүлийн хэдэн сарын турш жижиг хэмжээний бослого, жагсаал хийсээр байгаа билээ.
Даваа гаригт жагссан эмэгтэйчүүд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусовтой уулзах хүсэлт гаргажээ. Тэд цэргүүдийг ар гэрт нь буцааж, цэргүүдийн алба хаах хугацаанд хязгаар тогтоохыг эрх баригчдад даалгахыг Андрей Белоусовоос шаардаж байна. Мөн дайчлагдсан цэргүүдийг тулалдахаа зөвшөөрч, гэрээ байгуулсан цэргүүдээр солихыг хүсчээ.
Зураг, бичлэгээс харахад эмэгтэйчүүд хүүхдүүдээ дагуулсан байх бөгөөд нэг хүүхдийн цамц дээр "Аавыг минь буцааж өг" гэж бичсэн байсан. Гэхдээ жагсагчид сэтгүүлчид дуудаагүй. Тэд сэтгүүлчдийг үүнээс болж баривчлагдаж магадгүй гэж болгоомжилжээ.
ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн Баасан гаригт бүлэг жагсагчийг "гадаадын агент" гэж нэрлэсэн. Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд ОХУ ийм аргыг ашиглах болсон билээ.
Эргэн сануулахад, ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2022 оны есдүгээр сард 300 мянган цэрэг дайчилсан. Уг дайчилгаа нь олон орос эрсийг эх орноосоо дайжихад хүргэж, хил дээр урт дараалал үүсгэсэн билээ. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан эрх баригчид 2022 оны сүүлчээс эхлэн сайн дурынхныг цэрэгт татаж эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд 500 мянга орчим хүн Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ