Монгол Улсын экспортын орлого уул уурхайн түүхий эдийн экспорт болон орлогооос ихээхэн хамаардаг. Монгол Улсын ДНБ-ий 27 хувь, аж үйлдвэрийн салбарын 71 хувь, экспортын орлогын 92 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, Улсын төсвийн орлогын 32 хувийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалттай холбоотой хулгайн асуудал иргэд, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тиймээс нүүрсний борлуулалтыг олон нийтэд ил тод болгож биржээр арилжаалах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтын арилжааг эхлүүлэх”-ийг үүрэг болгосон. Уг шийдвэрийн дагуу
Монгол Улс 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа нүүрсээ биржээр худалдаалж эхэлсэн.
Тэр цагаас хойш нүүрсний борлуулалтын биет хэмжээ өссөнөөс гадна улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ өссөн эерэг үзүүлэлттэй байна. Монгол Улс өнгөрөгч 2023 онд түүхэндээ анх удаа 79 сая тонн нүүрс экспортод гаргасан ажилттай оныг үдсэн. Тэгвэл 2024 онд мөн 80 сая тонн, 2025 онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилготойгоор ажиллаж байна. Цаашлаад ганцхан нүүрсээ биржээр арилжаалах биш зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгаа биржээр худалдаалах алхамуудыг хийсэн юм.
Он гарсаар буюу 2024 оны тавдугаар сарын эцсийн байдлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 577 удаагийн арилжаагаар 3.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг борлуулсан байна. Тухайлбал,
- 361 удаагийн арилжаагаар 9 төрлийн 28.3 сая тонн нүүрс
- 214 удаагийн арилжаагаар 3 төрлийн 1.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал
- 2 удаагийн арилжаагаар 5.4 мянган тонн зэсийн баяжмалыг тус тус борлуулсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар гадаад валютын нөөц, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдагч болон худалдан авагч талуудыг авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ил тод орчин бүрдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан нь үр дүнгээ өгч байна.
Холбоотой мэдээ