Олимпийн 50 эрх авах гэсэн дарга нарын зорилго биелсэнгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.04-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Олимпийн 50 эрх авах гэсэн дарга нарын зорилго биелсэнгүй

Олимпийн 50 эрх авах гэсэн дарга нарын зорилго биелсэнгүй

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 52 өдөр үлдлээ. Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын арван мянган гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй.

Монгол Улс 1964 оны Токиогийн олимпод оролцсоноос хойш 1984 оны Лос Анжелесын олимпийг эс тооцвол зуны олимп бүрт торгон жолоогоо өргөжээ.

Монгол Улсаа төлөөлөн сүүлийн Токиогийн олимпод арван спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?

2024 оны зургадугаар сарын 4-ний байдлаар найман спортын 28 монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.

Тухайлбал,

  1. О.Есүгэн /буудлага/
  2. Э.Даваахүү /буудлага/
  3. Н.Баяраа /буудлага/
  4. Б.Отгонболд /байт харваа/
  5. О.Есүгэн /бокс/
  6. М.Энхжаргал /бокс/
  7. С.Жамбалжамц /дугуй/
  8. Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  9. Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
  10. Т.Тулга /чөлөөт бөх/
  11. Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
  12. М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
  13. Б.Хулан /чөлөөт бөх/
  14. П.Орхон /чөлөөт бөх/
  15. Э.Даваанасан /чөлөөт бөх/
  16. Г.Хишигсайхан /марафон/
  17. Б.Мөнхзаяа /марафон/
  18. М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
  19. Жүдо /10 эрх/

Онцлоход, дугуйн спортоор монголчууд Парисын олимпод өрсөлдөнө. Токиогийн олимпод Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис болон эмэгтэй боксын төрөлд тамирчдаа илгээж байв.

Гавьяат тамирчин, марафоны Б.Сэр-Одын олимпийн эрх баталгаажсан эсэх албан ёсны мэдээлэл одоог хүртэл байхгүй.

Харин Азийн наадмын аварга болж, Парисын олимпийн эрхээ авсан Б.Чинзориг ирэх олимпод оролцох боломжгүй болжээ. Түүний хувьд Азийн наадмаас алтан медаль авсан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ. Түүний эрхийг Тайландын тамирчин Бунжон Синсири авч, Парисын олимпийн -63.5 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон боксын эрэгтэй тамирчид олимпийн эрхээ авч чадсангүй. 3х3 сагсан бөмбөгийн баг олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд тун сайн оролцож, эрхээ авах дөхсөн ч эцсийн мөчид хожигдол хүлээсэн. Харин боксын тамирчид Тайландад сүүлийн тэмцээндээ оролцсон ч эрэгтэй тамирчдаас ганц нь ч эрхээ авч чадаагүй юм.

Жүдогийн тухайд олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд албан ёсоор өндөрлөж, Парисыг зорих баг тамирчид бараг л тодорчихсон. Удахгүй Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор баг тамирчдыг зарлана. Монголын жүдо бөхийн холбооноос эмэгтэй таван жинд, эрэгтэй таван жинд оролцохоор эрхээ авсан тухай мэдээлсэн. Олимпийн баг ч хэдийнэ бэлтгэлдээ гарчээ.

Эрэгтэй: 

  • -60 кг – Э.Ариунболд
  • -66 кг – Ё. Басхүү, Б.Эрхэмбаяр
    /Олимпийн наадамд жин тус бүрт улсаа төлөөлөн нэг тамирчин өрсөлдөх тул дээрх хоёр тамирчны нэг нь Парисыг зорих учиртай. Удахгүй Монголын жүдо бөхийн холбооноос хэн нь Парисыг зорихыг шийднэ/
  • -73 кг – Б.Эрдэнэбаяр
    /Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох боломжгүй болжээ. Иймд чансаагаар түүний ард буй Б.Эрдэнэбаяр олимпод оролцох аж/
  • -100 кг – Б.Гончигсүрэн
  • +100 кг – О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

  • -48 кг – Б.Баасанхүү
  • -52кг – Л.Сосорбарам
  • -57кг – Л.Энхрийлэн
  • -78 кг – О.Хүслэн
  • +78 кг – А.Адъяасүрэн

Эрэгтэйчүүдийн -81, 90 кг, эмэгтэйчүүдийн -63, -70 кг-ыг эс тооцвол Монгол Улс жүдо бөхийн арван эрхтэй. Үүнээс гадна багийн барилдаан ч нэмэгдэнэ. Хамгийн харамсалтай нь, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар бэртлийн улмаас хагалгаанд орох шаардлагатай болсон учир ирэх олимпод барилдах боломжгүй боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн -66 кг анхаарал татаж байна. Жүдо бөхийн холбоог хэнийг Парис руу илгээх вэ? Мэдээж хал үзэж, халуун чулуу долоосон Ё.Басхүүг дахин олимпод харахыг хүсэгчид олон. Хифүми Абэ, Ан Ба-Улыг сандаргаж чаддаг нь тэр. Гэхдээ шударга сонгон шалгаруулалт хэрэгтэй. Б.Эрхэмбаяр ч Азийн аварга болсон Гранд Сламын медальтай нэгэн.

Энэ оны эхээр "Gracenote" компанийн судалгаагаар Монгол Улс ирэх зуны олимпоос нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэх аж. Судалгаанд харуулснаар Монголын бокс, жүдо, чөлөөт бөхийн есөн тамирчин медалийн төлөө дайралт хийх төлөвтэй байна. Харин дараах тамирчдыг медаль авна гэж таамаглажээ.

  • Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг – Д.Отгонжаргал мөнгөн медаль
  • Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медаль
  • Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг – Э.Дэлгэрмаа хүрэл медаль
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг – Ё.Басхүү хүрэл медаль
  • Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг – Б.Чинзориг хүрэл медаль
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Бид Парисын олимпод 40-50 эрх авч оролцох төлөвлөгөөтэй байна” гэж байлаа. Харин олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ “Бид энэ жилийн олимпод 55 эрх авах зорилготой. Олимпийн нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна” гэсэн. 
Тэгвэл үнэн хэрэгтээ 28 эрх л аваад байна. 
Монголчууд олимпийн наадамд хичнээн тамирчнаа илгээж байсан бэ?
  • Токиогийн олимп – Арван спортын төрөлд 43 тамирчин /Нэг мөнгө, гурван хүрэл медаль/
  • Риогийн олимп – Есөн спортын төрөлд 43 тамирчин /Нэг мөнгө, нэг хүрэл медаль/
  • Лондонгийн олимп – Долоон спортын төрөлд 29 тамирчин /Хоёр мөнгө, гурван хүрэл медаль/
  • Бээжингийн олимп – Долоон спортын төрөлд 29 тамирчин /Хоёр алт, хоёр мөнгөн медаль/
  • Афины олимп – Долоон спортын төрөлд 20 тамирчин /Нэг хүрэл медаль/
  • Сиднейн олимп – Зургаан спортын төрөлд 20 тамирчин
  • Атлантагийн олимп – Долоон спортын төрөлд 16 тамирчин /Нэг хүрэл медаль/
  • Барселонагийн олимп – Найман спортын төрөлд 33 тамирчин /Хоёр хүрэл медаль/
  • Сөүлийн олимп – Таван спортын төрөлд 28 тамирчин /Нэг хүрэл медаль/
  • Москвагийн олимп – Найман спортын төрөлд 43 тамирчин /Хоёр мөнгөн медаль, хоёр хүрэл медаль/
  • Монреалийн олимп – Зургаан спортын төрөлд 33 тамирчин /Нэг мөнгөн медаль/
  • Мюнхены олимп – Долоон спортын төрөлд 39 тамирчин /Нэг мөнгөн медаль/
  • Мехикогийн олимп – Дөрвөн спортын төрөлд 16 тамирчин /Нэг мөнгө, гурван хүрэл медаль/
  • Токиогийн олимп – Таван спортын төрөлд 21 тамирчин

Олимп хүртэлх үлдсэн хугацаанд Монголын олимпийн эрх нэг эсвэл хоёроор нэмэгдэх боломжтой. Гэхдээ яаж ч хичээсэн өмнөх хоёр олимпийн түвшинд хүрч чадахгүй нь ойлгомжтой. Дарга нарын төсөөлөл болон бодит байдал хоёр хол зөрүүтэй байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
8
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж