Сүүлийн үед цахим орчинд хүүхэд амь эрсэдсэн тухай мэдээлэл багагүй цацагдах болсон. Тодруулбал сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор амралт зугаалгад явсан хүүхдүүд бэртэж гэмтэх, төөрөх, амь эрсдэх хүртэл тохиолдлууд гарч байна. Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн, нэгдүгээр ангийн сурагчид ангийн зугаалгаар явж байх үед хоёр сурагч эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнээс өмнө болж байсан сэтгэл сэртхийлгэм түүхүүд ч олон бий. Ялангуяа урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хүүхдүүд усанд эндэх тохиолдол эрс нэмэгддэг.
Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний байдлаар 12 хүүхэд усанд эндсэн дуудлага мэдээлэл иржээ.
Сурагчын амралт эхэлсэн өдрүүдэд аялал зугаалга нэмэгддэгтэй холбоотойгоор усны ослын дуудлага нэмэгддэг тул албаныхан ч бэлэн байдалд ажилладаг билээ. УЦУОШГ-аас өгч буй мэдээллээр ойрын өдрүүдэд гол усны түвшин үргэлжилсэн борооны улмаас нэмэгдэх төлөвтэй байгааг сануулсан. Энэ нөхцөлд эрсдэл улам л нэмэгдэнэ гэдгийг анхаарах нь зөв.
БСШУЯ-наас сурагчдын амралт зугаалгын үйл ажиллагааг хориглосон шийдвэр зөвлөмжүүдийг гаргадаг ч дур мэдэн амралт зугаалга зохион байгуулдаг үзэгдэл хэвээр байна. Жишээ дурдахад, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үр дүнд 800 орчим сурагчид амралт зугаалгаар явж байсан нь илэрчээ. Тодруулбал,
Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийхэд таван дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 орчим сурагчид амралт зугаалгаар явж байсан нь илэрчээ.
Амралт зугаалга зохион байгуулсан сургууль, анги, бүлгүүд нь БСШУС-ын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, Чиглэл хүргүүлэх тухай 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр Албан даалгаврын холбогдох заалтыг зөрчиж буй.
Энэ мэт байдлаар дур мэдэн амралт зугаалгад явсан сурагчдын сургуулийн захиргаа, холбогдох хүмүүст арга хэмжээ авах байдлаар асуудлыг шийдээд өнгөрдөг ч, үүнээс шалтгаалан амь эрсэдсэн хүүхдүүдийн гарз хохирлыг хэн ч нөхөж чадахгүй. Төгсөх ангийн сурагчид аялал зугаалгаар явах нь их байдаг ч сүүлийн үед бага ангийн сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэн зугаалгаар явах үзэгдэл цөөнгүй байна. Үүнд эцэг эхийн хариуцлагагүй байдал ч нөлөөлж буй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
2023-2024 оны хичээлийн жилийн зуны амралт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Тухайлбал 1-2 дугаар ангийн сурагчид энэ хичээлийн жилд 34 хоног хичээллээд тавдугаар сарын 31-нд зуны амралт нь эхэлсэн. Тэгвэл 3-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд зургадугаар сарын 7-ны өдөр зуны амралт нь эхлэх юм. Харин дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн зуны амралт энэ сарын 15-наас эхлэх аж.
Зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Иймд аливаа баяр ёслолыг хавтгайруулахгүй, хайртай үр хүүхдийнхээ төлөө хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ