Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусийн төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм.
Түүх эргэн сөхвөл, 1991 оны арванхоёрдугаар сард ЗХУ задарч, Беларусь тусгаар тогтнолоо зарлахад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг нь Монгол байжээ. Улмаар хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоосны дараах эхний он жилүүдэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нар Беларусь улсад нэгэн зэрэг хавсран сууж байв. Харин 2021 оны есдүгээр сарын 30-нд Монгол Улсаас Беларусь улсад суурин суух анхны Элчин сайд Б.Баярсайхан тус улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ барьж албан үүрэгтээ оржээ.
Айлчлалын үеэр талууд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал, боловсрол, зам тээвэр, онцгой байдал, хууль зүй, оюуны өмч, шинжлэх ухаан, техник, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг чухал салбарт хамтран ажиллах 14 баримт бичигт гарын үсэг зурсан.
Хэвлэлийн хурлын үеэр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр улсын харилцаанд аливаа үл ойлголцол, хүндрэл байхгүйг онцлохын зэрэгцээ ямар нэгэн ашиг хайж ирээгүй гэдгээ хэлсэн юм.
Юун түрүүнд Монгол Улс нь далайд гарцгүй, хоёр талаасаа хавчигдсан байрлалтай байдгаараа Беларусьтай төстэй. Тийм учраас Монгол Улсын баримталж буй бодлого ч Беларусьтай ойр санагддаг гэлээ.
Хоёрдугаарт, Евразийн Эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулах Монголын эрмэлзлийг дэмжиж ажиллахаа Беларусийн ерөнхийлөгч Лукашенко мэдэгдсэн. Тус холбоотой түр гэрээ байгуулснаар бараа бүтээгдэхүүн, худалдааны эргэлт нэмэгдэх давуу талтайгаас гадна Монголоос Беларусь руу экспортын замыг нээх юм. Евразийн Эдийн засгийн холбооны бүрэлдэхүүнд сөргөлдөгч бус хамтран ажиллах учиртай бүс нутгийн орнууд багтдаг. Иймд эдгээр улстай муу харилцаатай байвал аль ч улс орон та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй гэж Лукашенко хэллээ.
Беларусь улс Монголын бараа бүтээгдэхүүнийг дуртайяа худалдаж аваад зогсохгүй нийслэл Минск хотод нэрийн барааны дэлгүүр нээхэд ч дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн Беларусийн бараа бүтээгдэхүүний худалдааны төвийг ч Монголд нээх боломжтой гэлээ.
Дашрамд дурдахад, айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Лукашенкогийн хамтаар Беларусийн 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж, бизнесийн форум зохион байгуулжээ. Форумын үеэр 15 гэрээ хэлэлцээ хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Монгол, Беларусийн бизнес эрхлэгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлнэ гэж үзэв.
Гуравдугаарт, өндөр хөгжилтэй Хятад, Япон зэрэг улс оронтой ижил хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой. Энэ талаар ярихдаа тэрбээр Японтой хамтран барьсан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын жишээг дурдсан юм. Беларусь улс ч бас энэ чиглэлд хамтран ажиллахуйц хангалттай техник, технологи эзэмшсэн гэдгийг Лукашенко онцоллоо.
Дөрөвдүгээрт, уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт Беларусийн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцжээ. Мөн эдгээр техник төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг Беларусьд бэлтгэх боломжтой аж.
Тавдугаарт, Лукашенко Украин дахь дайны тухай онцлоод мөргөлдөөнийг газар нутгаа хамгаалах бодлого явуулж байсан Чингис хааны үеийн үүх түүхтэй зүйрлэв.
Энэ талаар түүний хэлсэн үгийг доор сийрүүлбэл,
"Монгол, Беларусь, дэлхий дахины хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандаж миний Монгол Улсад хийж буй айлчлалын талаар нэг асуудлыг тодорхой болгохыг хүсч байна. Монгол Улсын иргэдийн зарим нь Беларусиас нийлүүлж буй тоног төхөөрөмжийг сөргөөр хүлээж авсан. ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай уялдуулж, бидний хамтын ажиллагааг сөргөөр хүлээж авсан байна. Би Монгол Улс, Чингис хааны түүхийг судалж үзсэн. Тэр бол их гүрнийг хамгаалахын төлөө их зүйл хийж гүйцэтгэсэн хүн. Өөрийн анд нөхөд, ард иргэд, дайны талбарт хэдэн мянгаараа амь үрэгдэж байсан цэрэг дайчдаа яаж хамгаалж байсныг би мэднэ. Хэрэв Монголын цэргийг хэн нэгэн гомдоосон бол яг одоогийн Орос, Украинд болж байгаа нөхцөл байдлыг тухайн үеийн үйл явдалтай дүйцүүлэн хэлж болох юм.
АНУ тэргүүтэй барууны улс орнууд ЗХУ-ыг тарж бутрахыг хүсч байсан. Тухайн үед ЗХУ-тай хамтын ажиллагаа сайхан өргөжиж байсан. Энэ талаар хүн бүхэн мэдэж байгаа ч одоо тэр талаар дурдахгүй байна. ЗХУ салан бутарсны дараа бид АНУ тэргүүтэй барууны улсуудтай сайхан хамтарч ажиллаж байсан.
Тухайн үед барууны хүчний блок НАТО тэргүүтэй бүлгүүд ОХУ, Беларусийн хил рүү хэзээ ч ойртохгүй гэж амлалт өгч байсан. Энх тайвныг эрхэмлэсэн бидний үйл ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн хамгийн анхны улс бол Украин байсан. Бидний ах дүү байсан энэ улс биднээс нүүр буруулсан. Бид барууны улсад эзлэн түрэмгийлэх бодлого явуулаагүй. Бид газар нутгаа хамгаалах бодлогыг л явуулсан. Чингис хаан ч бас тухайн үедээ өөрийн газар нутгаа хамгаалах бодлого л явуулж байсан. Харин өнөөдөр Украин улс өмнөх зууны адил хүмүүсийг амьдаар нь шатааж эхэлсэн. Одесса хотод олон хүнийг хэвлэлийн байранд амьдаар нь шатаасан үйл явдал болсон. Үүнтэй зэрэгцэн Путин тэнд байгаа ард иргэдээ хамгаалах бодлого явуулсан.
Би бол энэ бүх үйл явдлын түүхэн гэрч. Намайг зохицуулагч гэж ярьдаг. Миний зүгээс энхийн хэлэлцээг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Одоо барууныхан хүртэл хэлж байна. Минскийн яриа хэлэлцээ бол зөвхөн Украинд цаг хожихын төлөө хэрэгжүүлсэн баримт бичиг байсан гэдгийг одоо барууны удирдагчид хүлээн зөвшөөрч байгаа. Чингис хааны үеийн Монгол их гүрний түүх бол агуу түүх. Манай газар нутагт Украинд болж байгаа сөргөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэхийн төлөөх яриа хэлэлцээг хэдэн удаа хийсэн. Энэ яриа хэлэлцээнүүд үр дүнд хүрсэн бол дайны ажиллагаа зогсох байсан. Гэвч барууны улс орнууд Украинд очоод бидэнд энхийн яриа хэлэлцээ хэрэггүй гэсэн шийдвэрт хүрсэн. Украинд одоо дайтах хүнгүй, зэвсэггүй болсон. Оросууд ч энэ дайныг огт хүсэхгүй байгаа. Яагаад энхийн хэлэлцээний ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ?
ОХУ бол бидний холбоотон улс. Бид хамтарсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. ОХУ бол бидний хамгийн дотны анд нөхөр. Хоёр улсын хооронд байгуулсан бүхий л эрх зүйн баримт бичгийг үндэслэн бид ямагт Оросын талд байна.
АНУ тэргүүтэй улсууд юу ч гэж хэлж байсан бид тэр бүс нутагт энх тайван тогтоосой гэсэн эрмэлзлээр ажиллаж байгаа. Тиймээс та бүхэн аливаа мэдээллийг судлан, өөрсдөө тунгааж үзнэ гэж бодож байна.
Хэвлэлийн мэдээнээсээ гажиж, нэмэлт мэдээлэл өгсөнд уучлаарай. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн нэг талыг баримталсан мэдээ мэдээллийг хүргэж байгаа нь биднийг Монголын дайсан мэт харагдуулж байгаад би харамсаж байна. Бид хамтын ажиллагаагаа их гүрнүүдтэй адил түвшинд хөгжүүлэх боломжтой. Бид энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадна."













