"Айлчлалтай холбоотой шүүмжлэл ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл"

Хуучирсан мэдээ: 2024.06.04-нд нийтлэгдсэн

"Айлчлалтай холбоотой шүүмжлэл ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл"

"Айлчлалтай холбоотой шүүмжлэл ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл"

Олон улсын судлаач Д.Уламбаяртай Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн төрийн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй.  Айлчлалыг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Олон нийтийн зүгээс УИХ-ын сонгууль дөхсөн энэ цаг үед төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна?

 -Монгол Улс ардчилсан улс. Иргэд аливаа асуудлаар өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Төрийн айлчлалтай холбоотой иргэдийн шүүмжлэл бол ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл. Энэ утгаараа гайхах зүйлгүй. Бид өмнө нь Японы ерөнхий сайд Монголд айлчилж байхад жагсаал цуглаан хийж л байсан.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Өрнөдөд Путиныг дарангуйлагч гэж шүүмжилдэг. Хэдий тийм боловч Монгол, ОХУ-ын харилцаа муудаагүй.

Бид ОХУ-ын одоогийн үйл явцыг бүрэн дүүрэн эсэргүүцэж, шатахуун, эрчим хүчээ импортоор авахаа зогсоох шийдвэр гаргаагүй. Ийм боломж ч байхгүй. Хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлээр хөгжиж буй. Хоёр улсын хооронд газар нутгийн ямар нэгэн маргаан байхгүй. Өнөөдөр Хонгконг, Шинжаан Уйгарын асуудалтай холбоотойгоор БНХАУ-ыг Өрнөдөд бас дарангуйлагч гэж шүүмжилдэг. Гэлээ гээд бид өмнөд хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлтэй байдаг. Гадаад харилцааны салбарт нэг чухал зарчим бий.

Энэ зарчим бол гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах явдал.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй, их гүрнүүдийн томоохон асуудалд оролцох шаардлагагүй. Тийм учраас хоёр орны харилцаа хэвийн хөгжиж байгаа бол бид хоёр талын харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлээд л явна. Бид шинэ найзтай боллоо гээд хуучин анд нөхдөө мартаж болохгүй.

-Энэ удаагийн айлчлал хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн түүхэнд Беларусийн талаас анх удаа Монголд төрийн айлчлал хийж байгаагаараа онцлог. Монгол, Беларусь улс өмнө нь ямар түвшинд харилцаж байв?

-Бүгд найрамдах Беларусь улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж байгаад 1990 оны долдугаар сард Зөвлөлт социалист бүгд найрамдах Беларусь улсын Дээд зөвлөл төрийн бүрэн эрхт байдлаа тунхаглан зарласан байдаг. Улмаар 1991 оны наймдугаар сард тусгаар тогтнолоо зарлаж, Бүгд найрамдах Беларусь улс байгуулагдаж, ЗХУ задрахаас өмнө өөрсдийнхөө бие даасан байдлыг зарласан гэсэн үг. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 24-нд Бүгд найрамдах Беларусь улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг нь Монгол Улс. Мөн дээр нь Беларусь улс 1996, 1998, 1999 оны гэрээгээр Оростой холбооны улс болсон. Холбооны улс нь худалдаа, эдийн засаг, эрх зүй, гааль, боловсрол зэрэг бүх салбар нь үе шаттай нэгдсэн. Хоёр улс нь хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага буюу нэг цэрэг эвсэлтэй. Тийм учраас олон улсын тавцанд бие биеийнхээ гадаад бодлогыг харилцан дэмжиж явдаг. Тэр утгаараа нэгдүгээрт ОХУ-ын Украинд явуулж байгаа бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг Беларусь улс дэмждэг. Тус улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко 1994 оноос хойш тасралтгүй 30 гаруй жил улсаа удирдаж байна.

Гэхдээ Монгол, Беларусь улсын хооронд харилцаа хэвийн үргэлжилж байгаа.

Түүгээр барахгүй 2001 онд Монголын Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун, 2018 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 1996 онд Беларусь улсын Гадаад хэргийн сайд Монголд, 2024 оны гуравдугаар сард одоогийн гадаад хэргийн сайд С.Ф.Алейник харилцан бие биедээ айлчилсан байдаг. Мөн 2015 онд ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулсан Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтаар тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Александр Лукашенкотой уулзаж байсан. Бас 2018 онд Хятадын Чиндао хотноо зохион байгуулсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга бас уулзсан. Тэгэхээр өндөр түвшинд хоёр улсын тэргүүн нар уулзаж байсан. Социализмын үед Монгол, Хятадын харилцаа муудаагүй байсан. ЗХУ, Хятадын харилцаа муудаж, бид Зөвлөлтийн талд орсон. Ингэснээр Монгол, Хятадын харилцаа маш ноцтой хурцдаж, ЗХУ-ын 100 мянган цэрэг Монголд байршиж байгаад 1992 онд Монголоос бүрэн гарч дууссан. Энэ асуудлаас болоод Монгол, Хятадын харилцаа ноцтой хурцадсан. Бид өнгөрснөөс сургамж авах хэрэгтэй.

Монгол Улсын гадаад бодлогод 1990 оноос нэг том чанарын өөрчлөлт гарсан. Тэр нь олон тулгуурт энхийг эрхэмлэсэн бие даасан гадаад бодлого. Монгол Улс бие даасан гадаад бодлоготой.

Цар тахлын үр дагаврын дараа Монгол Улсын гадаад бодлого, харилцаанд шинэ сэргэлт бий болсон гэж хэлж болно. Энэ шинэ сэргэлтийн дагуу Монгол Улс тэнцвэртэй гадаад бодлого явуулж, улс орнуудтай хоёр талын уламжлалт харилцаагаа хөгжүүлэх нь ардчиллаас ухрах алхам биш. Иргэд олон нийт янз бүрийн байр сууриа илэрхийлж байгаад гайхаад байх шаардлагагүй.

-Беларусь улсын хувьд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох шийдвэрийг гаргасан. Харин ОХУ-ын зүгээс ШХАБ-д элсэх дараагийн улс Монгол байх болно гэж мэдээлэл цацагдсан шүү дээ?

-Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш хоёр оронтойгоо тэнцвэртэй харилцаж, гурав дахь хөршийн бодлогоо хэрэгжүүлэх. Дэлхийн бусад улс оронтой хоёр талт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм. Бид ОХУ-ын цэрэг дайны ажиллагаатай холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейн зургаан удаагийн санал хураалтад Монгол Улс үндэсний язгуур эрх ашгийг баримталж, түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Энэ бол Монгол Улс бие даасан байр суурийг илэрхийлж байгаагийн тодорхой илрэл. Хоёрт, ерөөсөө аливаа улсын гадаад бодлого түүний оршин буй газар зүйн байршлаас тодорхойлогдоно гэж Наполеон Бонапарт нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үг Монгол мэтийн газар зүйн өвөрмөц байршилтай их холбогддог.

Тийм учраас бид хоёр талын харилцаа хамтын ажиллагаагаа улам хөгжүүлээд л явна. Энэ бол Монголын онцгой бүрэн эрхийн асуудал.

Нөгөө нэг асуудал нь, Беларусь улс 2023 оны долдугаар сард Энэтхэгийн Нью-Дели хотноо зохион байгуулсан дээд түвшний уулзалтаар ШХАБ-т жинхлэх үйл явц албан ёсоор эхэлсэн. Астана хотноо өнөөдөр дээд түвшний уулзалтын төгсөлтийн арга хэмжээ болох бөгөөд Беларусь улсыг ШХАБ-д жинхлэх төлөвтэй байгаа. Монгол, Беларусь, Афганистан улс ажиглагч статустай байсан. Афганистаны ажиглагч статус түдгэлзэж, Беларусь улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болоход Монгол ганцаараа ажиглагч болж үлдэж байгаа юм.

-Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа хэрхэн сайжрах бол?

-Беларусь улс 1994 онд Монголд суурин Элчин сайдын яамаа байгуулсан. Монгол Улс 2021 оны есдүгээр сард байнгын Элчин сайдын яамаа Беларусь улсын нийслэл хотноо байгуулж, Элчин сайд Б.Баярсайхан А.Г.Лукашенкод өргөх бичиг барьж байсан. Энэ удаагийн айлчлал бол хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн түүхэнд Беларусийн талаас Монголд төрийн айлчлал хийж байгаа анх удаагийн үйл явц. Өнөөдрийг хүртэл хоёр улсын хоорондын эрх зүйн суурь баримт бичгүүд гараагүй байсан байна. Суурь баримт бичиг гэдэг нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ юм. Энэ гэрээнд энэ удаагийн айлчлалаар гарын үсэг зурах хүлээлттэй байсан. Энэ дагуу худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, онцгой байдлын салбарт хоёр тал 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн хоёр улсын хооронд бизнес форум зохион байгуулах асуудлыг ярьж байна. Энэ бүхэн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарна гэж харж байна.

Беларусь улс холбооны бүтэцтэй, аюулгүй байдлын гэрээний цэргийн эвсэлд орсон, Евро-Азийн эдийн засгийн холбооны үүсгэн байгуулагч зургаан орны нэг учраас Монгол Улс Евро-Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар ярьж байна. Яагаад гэхээр манай бараа бүтээгдэхүүн ОХУ-д өндөр тарифтай гарч байгаа учраас Евро-Азийн холбооны улс хэмжээнд энэ асуудлаа шийдэхгүй бол ОХУ нь Евро-Азийн холбооны гишүүн учраас дангаараа гадаад орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох боломжгүй юм.

Бид бүс нутгийн одоогийн статусаа хадгалах, Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Беларусьтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ШХАБ-ын хүрээнд ажиглагчийн статустайгаар гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ямар боломж байна уу гээд харилцаагаа хөгжүүлэхэд бүрэн нээлттэй.

Гадаад харилцаагаа хамгийн чухал нь тэнцвэртэй хөгжүүлэх нь чухал. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар энхийг эрхэмлэсэн бодлого явуулж, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцааг хөгжүүлэх бодлогыг баримтлах ёстой. Энэ нь Дипломат албаны тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах явдал чухал. Бид үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй томоохон их гүрнүүдийн маргаанд оролцох шаардлагагүй. Академик түвшинд чөлөөтэй шүүмлэл өрнүүлж, байр сууриа илэрхийлж болно. Энэ нь тэнцвэртэй гадаад харилцааг хөгжүүлэхэд том саад болохгүй юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж