Японы Ишикава мужийн хойд хэсэгт өнөө өглөө /2024.06.03/ үүрээр 06:31 цагийн орчимд дахин газар хөдөлжээ. Газар хөдлөлт 5.9 магнитудын хүчтэй байсан бөгөөд эхний газар хөдлөлтөөс хэдхэн минутын дараа 4.8 магнитудын хүчтэй дахин хөдөлсөн. Үргэлжлээд хоёр цагийн хугацаанд хэд хэдэн жижиг газар хөдлөлт болжээ. Гэхдээ цунамийн аюул үүсээгүйг Японы Цаг уурын агентлаг мэдээлэв.
Энэ оны эхний өдөр тус мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, их хэмжээний хохирол учирсан билээ. Хүчтэй газар хөдлөлтийн дараа сэргэж байсан нутаг дэвсгэрт энэ удаад бага зэргийн хохирол учирчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 1-ний газар хөдлөлтийн үеэр эвдэрсэн байсан таван байшин нурснаас бусдаар төдийлөн их хэмжээний хохирол учраагүй аж.
Энэ удаагийн газар хөдлөлтийг нэгдүгээр сарын 1-ний газар хөдлөлтийн дараах чичирхийлэл гэж үзэж буйгаа Японы Цаг уурын агентлагийн Газар хөдлөлт, цунамийн албаны мэргэжилтэн Сатоши Харада мэдэгдлээ. Газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй буурч байгаа ч өмнөх газар хөдлөлтөөр эвдэрсэн байшингуудын ойролцоо байгаа иргэдийг болгоомжтой байхыг сануулав.
Газар хөдлөлтийн дараа хурдны галт тэргийг түр зогсоосон боловч ихэнх нь дахин ажиллаж эхэлжээ. Мөн ойролцоох хоёр атомын цахилгаан станцад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэж Цөмийн зохицуулалтын газраас мэдэгдэв.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 1-ний газар хөдлөлтөөр 260 хүн нас барсан. Мөн 3300 гаруй оршин суугчийг одоо ч нүүлгэн шилжүүлсэн хэвээр байна.
Эх сурвалж: JAPAN TODAY