Анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулга хийхээр Монголбанкнаас шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэртэй холбоотой хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгжүүд 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн барагдуулбал ангиллаа сайжруулах боломжтой гэж мэдээлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар зарим иргэдийн зээлийн ангилал шинэчлэгдээгүй хэвээр байгаад иргэд шүүмжлэлтэй байгаа юм. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, "Тус шийдвэртэй холбоотойгоор иргэд өөрийн хүсэлтээ тухайн банк, санхүүгийн байгууллагад өргөдөл хэлбэрээр өгөх, тухайн зээл авсан байгууллагатай гэрээгээ цуцлах шаардлагатай. Иргэдийн зээлийн мэдээллийг автоматаар өөрчлөх боломжгүй. Зарим иргэдийн зээлийн ангилал сайжраагүй гэх шалтгаан нь тухайн хувь иргэнтэй холбоотой асуудал юм. Бид тухайн банк, санхүүгийн байгууллагаас иргэдийн нэгдсэн мэдээллийг хүлээн авч түүнийхээ дагуу ажилладаг" гэв.
Монголбанкнаас Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор тус шийдвэрийг гаргаад буй.
Холбоотой мэдээ