Реал Мадрид 15 дахь "Дэлдэн чихт"-ээ Мбаппегаар даруулна

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Реал Мадрид 15 дахь "Дэлдэн чихт"-ээ Мбаппегаар даруулна

Реал Мадрид 15 дахь "Дэлдэн чихт"-ээ Мбаппегаар даруулна

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2023-2024 оны улирлын финалын тоглолт Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд болсон. Буурал тивийн топ лигүүдийн аваргууд, тэргүүн багууд оролцдог тус лигийн энэ жилийн финалд дархан аварга Испанийн Реал Мадрид болон үнсгэлжингийн үлгэрийн эзэд Германы Боруссиа Дортмунд учраа таарав.

РЕАЛ МАДРИД 2 – 0 БОРУССИА ДОРТМУНД

Тоглолтын өмнө Реал Мадридын үндсэн хаалгач болоод буй Андрей Лунин халуурч, замналынхаа хамгийн чухал тоглолтод оролцох боломжгүй болов. Украин залуу Реалын энэ улирлын гол хүн байсан билээ. Тэгвэл түүнийг орлож, гэмтлээсээ саяхан эргэн ирсэн Тибо Куртуа гараанд гарав.

Ийнхүү тоглолт эхэлж, дэлхий нийтээрээ Уэмблиг сонжсон. Эхний үед Дортмундад хоёр ч гоол оруулах сайхан боломж бүрдсэн ч Тибо саад хийлээ. Аль нэг баг нь илт илүүрхсэнгүй. Хоёр баг харилцан довтолж, бөмбөг эзэмшиж, нээлттэй хөлбөмбөгийг олонд толилуулав.

Том, чухал тоглолтыг ганцхан жижиг алдаа шийддэг гэдгийг чухамхүү энэхүү тоглолтоор хангалттай харууллаа. Дортмундын жигүүрийн хамгаалагч Иан Матсен ганц л хором анхаарлаа сулруулах үед Дани Гарвахаль булангийн цохилтоос мөргөж, багтаа тэргүүллийг авчрав. Уг нь Иан Матсен нэгдүгээр үеийн гол баатар байсан юм. Харамсалтай нь, булангийн цохилтын үед хамгаалах ёстой хүнээ алдаж, хаалгандаа гоол алдчихсан хэрэг.

Иан Матсены хар дарсан зүүд үүгээр дууссангүй. Тоглолтын 83 дахь минутад өрсөлдөгчдөө бөмбөгөө "бэлэглэж", өнөөх нь явсаар гоол болж, Реал тэргүүллээ баталгаажуулсан.

Эдин Тэрзич дасгалжуулагч хамаг л довтлогчдоо талбайд гаргаж, гоол оруулах боломжийг эрэлхийлсэн. Үндсэн цагийн төгсгөлд ганц гоол оруулсан ч отонд орсон байжээ. Ийнхүү тоглолт дуусч, Реал Мадрид багийнхаа түүхэн дэх 15 дахь УЕФА Аваргуудын лигийн цомоо гардан авлаа.

Тоглолтын дараа тус багийн ерөнхийлөгч Флорентино Ферес ярихдаа "Бид 16 дахь цомоо хүсч байна" гэжээ.

Европын хөлбөмбөгийн түүхэнд Реал Мадридтай эн зэрэгцэх бүү хэл арван  "Дэлдэн чихт" цомтой клуб ч байхгүй. Ирэх жил ч хүчтэй эргэн ирнэ. Учир нь тэдэнд Франц, дэлхийн супер од Килиан Мбаппе байх болно. Эх сурвалжуудын мэдээлснээр Реал Мадрид клуб ирэх долоо хоногт Килиан Мбаппег албан ёсоор танилцуулах гэнэ.

Дэндүү хүчирхэг, төгс байгаа Реал Мадридад өнөө цагийн супер од Килиан Мбаппе ирж байна. Ийнхүү ирэх улирал Ла лиг, УЕФА Аваргуудын лигт тэд дахин манлайлах магадлал өндөр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж