Мэдүүлэг өгөхөөс айв уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Мэдүүлэг өгөхөөс айв уу?

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Ч.Сангарагчаа гэмт хэргийн сэжигтэн болоод гурван сарын нүүр үзэж байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдтэй харьцуулахад тэр эрх дархтай нэгэн. Өөрөө хүсээгүй бол мөрдөнгийн ширээнд суухгүй, мөрдөн байцаагчийг өрөөнөөсөө хөөгөөд гаргаж болно. Түүнийг албан тушаалынхаа эрх ямбаар түрий барьж гэмт хэргийн нотлох баримтуудыг усгаж, өөрчилж байгааг нь хориглох бөх зүрхтэн байхгүй. Ч.Сангарагчаа даргын өмнө Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны­хан хүчин мөхөсдөж байгаа. Яагаад гэвэл, Ч.Сангарагчаа УИХ-аар хамгаалуулсан даргын сэтэр­тэй. АТГ-ын даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр шалгах, байцаах эрхгүйг Авлигын эсрэг хуульд заасан.

Тиймээс Улсын ерөнхий прокурор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн гурван сарын хугацаанд УИХ-д гурван ч удаа хүргүүллээ. Авлигын эсрэг хуульд “АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон бол Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ хаврын чуулган завсарлахаас өмнө “түдгэлзүүлэх нь зөв” эсвэл “түдгэлзүүлэхгүй” гэсэн тодорхой хоёр хариуны нэгийг өгөх учиртай байсан. Гэтэл УИХ дээрх асуудлыг хэлэлцэх нь бүү хэл Ерөнхий прокурорын саналтай танилцаагүй байна. УИХ-ын хууль зүйн байнгын хорооныхон “Би саад болохгүй шалгуулна” гэж матрын нулимс унагах шахам гуйсан Ч.Сангарагчаа даргын үгэнд итгэсэн гэх. Улмаар “АТГ-ын удирдлагуудын үйлдсэн гэх хэргийг Тусгай хяналтын дэд хороогоор судлуулъя. Тусгай хяналтын дэд хороо судалж байх зуурт Ч.Сангарагчааг мөрдөн шалгах ажиллагаа саадгүй үргэлжилнэ” гэсэн утгатай мэдээлэл өгчихөөд амарцгаасан. Үнэндээ гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг УИХ судлах биш хуулийнхан шалгаж тогтоох үүрэгтэй. Зунжин дээрх асуудлыг судалсан нэр зүүсэн Тусгай хяналтын дэд хорооныхон “АТГ-ын үйл ажиллагаанд зарим зөрчил илэрсэн байна” гэсэн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, АТГ-ын удирдлагуудын үйл ажиллагаа хэвийн биш байсныг хүлээн зөвшөөрчээ.

УИХ-ын дэд дарга Н.Энхболдын хэлснээр Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцана. Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах учиртай. Ингэж гишүүд танилцаж, хэлэлцэх бэлтгэлээ хангасаар Ч.Сангарагчаагийн албан тушаалын асуудал УИХ-ын намрын чуулган хүрэх нь дамжиггүй. Нэг байгууллагын даргыг түдгэлзүүлэх төдий асуудлыг ингэж удааж байгаа нь УИХ арчаагүйнх үү, гишүүдэд гацааж, удаашруулах санаа байгаагийнх уу. УИХ-ын гишүүд хэлэлцэх сонирхолгүй асуудлаа чуулган дамжуулан хойшлуулдаг, мартагнуулдаг жишиг бий. Нөгөө талаар УИХ биш УИХ дахь МАХН-ын гишүүд асуудлыг гацааж байна гэсэн шүүмжлэл бий. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонхи нь МАХН-ын гишүүд. Мөн Тусгай хяналтын дэд хорооны гурван гишүүний хоёр нь МАХН-ынх. Тэд журмын нөхрийнхөө суудлыг түдгэлзүүлчих зориггүй нь хуулийнхны толхилцол, улс төрийн институциудын үл ойлголцлыг дээд цэгт нь хүргэж байна.

Ч.Сангарагчаа даргыг албан тушаалаас нь түр хөндийрүүлэх төдий асуудал УИХ-ыг хууль зөрчихөд хүргэж томорч байгаа нь улс төр болоод хуулийн байгууллага хэрхэн хутгалдаж, албан тушаалын наймаа улс төрийн институциудыг хөдөлгөх хэмжээнд хүрснийг харуулж байна. Албан тушаалаасаа огцрох, түдгэлзэх болоод гэмт хэргийн сэжигтэн, буруутан байх тэс өөр ойлголтууд. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулсанд тооцох учиртай. Ч.Сангарагчаа дарга бол төсвийн мөнгө зориулалтын бусаар ашигласан, ажилтнуудаа тагнаж Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэргийн сэжигтэн төдий. Түүний гэм бурууг нотлоогүй цагт албан тушаал нь хэвээр байна. Зөвхөн хуулийн дагуу албан тушаалыг нь түр түдгэлзүүлж иргэний хувиар нь шалгах ёстой. Үүнийг насаараа хуулийн байгууллагад удирдах албан тушаал хашсан Ч.Сангарагчаа бүү хэл хуулийн наад захын мэдлэгтэй иргэн бүр мэднэ. Гэтэл Ч.Сангарагчааг сэжиглэх төдийд сэтгүүлчдийн өмнө “Шалга, шалга” гэж бардамнаж, УИХ-ын гишүүдийн урд “Албан тушаалаа түдгэлзүүлэхгүйгээр шалгуулъя” гэж уйлагнаж байгааг юу гэх вэ. Хардаж, сэжиглэх төдийд ажилтнуудаа тагнаж, халж солин өшөө авч, компьютерийнхээ мэдээллийг устган сандарч байгаа нь Ч.Сангарагчаа буруутай гэдгийг батлаад байгаа юм биш үү. Цаашдаа Ч.Сангарагчаа яллагдагч, шүүгдэгч болбол хамгаалаад байгаа УИХ-ын гишүүд яах бол. Ч.Сангарагчаа “но”-той гэдгийг батлавал Ч.Сангарагчааг тойрч бужигнасан хуулийнхан, улс төрийн хүрээнийхэн дажин дэгдээж ч мэдэх нь.

Ч.Сангарагчаа дарга анх удаа сэжигтэн болж нэрээ сэвтүүлж байгаа юм биш. М.Алтанхуяг Улсын ерөнхий прокурор байх үед ч түүний төсвийн мөнгөөр тансагласан гэх хэрэг мандаж байлаа. Тухайн үед Ч.Сангарагчаад холбогдох хавтаст хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засагтай тэмцэх хэлтэст нээж байсан. Яг одоогийнх шиг сэжигтэн болгон байцааж байсан. Ялгаатай нь Ч.Сангарагчаа ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй шалгуулсан. Түүний албан тушаалыг түдгэлзүүлэх тухай хэн ч авиа гаргаагүй. Удалгүй АТГ-ын даргын үйлдсэн гэх гэмт хэрэг нотлогдоогүй гэх шалтгаанаар М.Алтанхуяг прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэг удаа шалгуулаад буруугүй нь нотлогдсон юм чинь дахиад шалгуулчихад юу нь болохгүй гэж. Нэг хэрэгт хоёр дахиа сэжиглэгдэхэд өгөх мэ­дүүлэг, харуулах нотлох баримт өөр байна гэж үгүй. Харин Ерөнхий прокурор солигдсон учраас мэдүү­лэг өгөхөөс айгаад байгаа юм биш үү, Ч.Сангарагчаа даргаа, түү­нийг хамгаалагч гишүүд ээ. Нэ­мэг­дэхүүний байрыг солиход нийл­бэрийн чанар өөрчлөгддөггүй гэх томъёо энэ тохиолдолд өөр гэж үү.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж