MESA буюу Монголын электрон спортын холбооноос 100 мянган ам.долларын шагналын сантай "Nomadic Masters" тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын гурван баг, Европын дөрвөн баг, Хятадын нэг баг оролцож, өчигдөр/2024.06.02/ гранд финалын тоглолт Степпе аренад боллоо.
Гранд финалд Азийн тэргүүн баг Монголын "The MongolZ" болон сингапур эзэдтэй, Европд төвтэй "BLEED Esports" баг учраа таарчээ. Хоёр баг өмнө нь дээд бүсийн финалд тоглоход "The MongolZ" 2-0 гэсэн харьцаатай илт давуу хожиж байсан бол энэ удаагийн тоглолт харьцангуй өрсөлдөөнтэй боллоо. Финалд нийт дөрвөн ээлжийн тоглолт гарсан бөгөөд тоглолт бүрт 23-24 үе гарч байсан юм.
Эхний ээлжийн тоглолтод "BLEED" хожиход "hampus", "jkaem" хоёр тун сайн байсан. Харин хоёр дахь тоглолтод "910", "bLitz" хоёр багаа манлайлж, 0-5 гэсэн тааруу эхлэлийг арилгаж, ялалт байгуулав.
Улмаар гурав дахь ээлжийн тоглолт "Ancient" дээр болоход "bLitz", "Senzu" хоёр гангарч, "BLEED"-д боломж олгосонгүй. Дөрөв дэх тоглолт "Inferno" дээр болж, "BLEED" сайн эхлүүлсэн ч төгсгөл хийж чадсангүй. "The MongolZ" 3-1 гэсэн харьцаатай хожиж, эх орондоо, үзэгч, дэмжигчдийнхээ өмнө аваргын цомоо авлаа.
Тэд тэмцээний турш "Gaimin Gladiators", "Aurora", "BLEED" зэрэг дан Европын багуудтай тоглож, хожсоноор түрүүлэв.
"The MongolZ" тэмцээний турш ердөө ганцхан ээлжийн тоглолтод хожигдсон нь гранд финалд "BLEED"-ийн эсрэг байжээ.
"The MongolZ" энэ тэмцээнд түрүүлснээр 50 мянган ам.долларын эзэд болсон бол "BLEED" 25 мянган ам.доллар, "Aurora" 15 мянган ам.доллар, "Lynn Vision Gaming" 10 мянган ам.долларын эзэд тус тус болжээ.
Холбоотой мэдээ